ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр мэдээлэл өгөв. Тэрбээр "Коронавирусийн нөхцөл байдлаас хамаарч импортлогч орнууд манай улсаас мах авахгүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн зургаадугаар сард гаргасан. Тиймээс манай улс махаа экспортолж чадахгүй байгаа.
Нөөцийн мах бэлтгэлд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдсэн. Үүнд нийт 17 аж ахуйн нэгж хамрагдаж, одоогийн байдлаар 81 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл арилжааны банкууд дээр гарсан байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн агуулахад 6.1 мянган тонн мах нөөцлөгдсөн байна. Бид нөөцийн махаа харьцангуй эрт бэлдэж чадаж байна гэж харж байна. Энэ жил нийт 15 мянган тонн мах бэлтгэх зорилттой байгаа.
Түүнчлэн Хөдөө аж ахуйг дэмжих санд бизнесийн зорилгоор нөөцийн мах бэлдэнэ. Аймаг орон нутгаас орж ирж байгаа стандарт, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан махыг хөдөө аж ахуйг дэмжих санд бэлтгэнэ. Нийт 5,000 орчим тонн махыг нөөцлөх төлөвлөгөө гаргасан.
Ингэхээр хавар иргэдийн хүнсний гол хэрэгцээ болдог махны нөөцийг тодорхой түвшинд хангалттай бэлдэж, үүнийг дагасан үнийг тогтвортой байлгах бодлого барина. Энэ хүрээний зохион байгуулалтын ажлыг хийж дууссан. Үүнтэй холбоотойгоор удахгүй Улаанбаатар хотын 31 байршилд хөдөө аж ахуйн гаралтай өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсон.
Улаанбаатар хотын иргэдийн мах болон цагаан идээний хэрэглээг хямд үнээр дундын зуучлал орохгүйгээр нийлүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, аль нэг ченж болон худалдааны байгууллагын нугалаа орохгүйгээр орон нутагт бэлтгэсэн мах болон цагаан идээг тээврийн зохион байгуулалттайгаар оруулан ирж, хямд өртгөөр төв суурин газрын иргэдэд нийлүүлнэ гэсэн үг" гэв.