Өнгөрсөн есдүгээр сард Дорнод, Сүхбаатар аймгуудад “Үхрийн арьс товруутах өвчин” гарсан. Мал, амьтны гоц халдварт өвчний жагсаалтад багтсан тус өвчин урьд өмнө манай улсад гарч байгаагүй аж. Өвчилсөн малын махыг хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүй тул гурван аймагт 1700 гаруй үхрийг устгалд оруулжээ. Устгалд оруулсан малын эздэд нөхөн олговор олгохыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлсэн юм.
Тэрбээр "Үхрийн арьс товруутах өвчин Дорнод аймагт гарсан. Энэ өвчинд тохирсон вакцин байдаггүй. Гэхдээ бог малын цэцэг өвчний вакциныг тав дахин нэмэгдүүлсэн тунгаар тарьж үзэхэд нааштай үр дүн гарсан. Дархлаажуулалт 88-100 хувьтай байгаа. Засгийн газраас гоц халдварт өвчин гэх жагсаалтад оруулж тодорхой устгах ёстой малыг устгаад байгаа. Одоогоор нийт 1,700 гаруй үхэр устгасан. Ихэнх буюу 1,579 үхрийг Дорнод аймагт устгасан бөгөөд устгалд орсон малыг УОК-т танилцуулж, малчдад нөхөн олговор олгоно" гэв.