Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дотоодод үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “НМХГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нийслэлийн алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулж буй 120 орчим эмийн санд хяналт хийлээ.
Импортоор орж ирдэг 25-30 төрлийн эм ховордсон байна. Түүнчлэн дотоодын хоёр үйлдвэрийн эм бэлдмэл хомстжээ.
Үнийн хувьд, эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцдог юм байна. Гэтэл вирусийн эсрэг эмийг тогтоосон үнийн дээд хязгаараас 300-2500 төгрөгөөр хэтрүүлэн нэмж худалдаалж байсан зөрчил илэрсэн.
Хяналт шалгалтын явцад “Ариун монгол” компанийн 0.5 кг болон 1 кг-аар савласан “Норов 7”, “Мана 4” танг Монгол Улсын эм бүртгэлээс хасуулах саналыг эм, эмнэлгийн хэрэгслийг зохицуулах газарт хүргүүлсэн.
Тодруулбал, тухайн аж ахуйн нэгж байгууллагууд нь 0,5 болон 1 кг-аар савласан танг эмийн үйлдвэрээс худалдаж аваад жижиглэнгээр зарахдаа хаяг шошгын зөрчилтэй буюу гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн борлуулж байна. Иймээс эмийн жагсаалтаас хасах санал гаргасан. Дээрх тангууд нь 1 гр, 3 гр, 500 гр, 1кг гэсэн савлагаатай байдаг" гэлээ.