Эрүүл мэндийн яамнаас ээлжилт мэдээлэл хийж байна.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: Өчигдрийн байдлаар ДЭМБ-д Ковид-19 халдварын нийт 465915 тохиолдол, 21031 нас баралт бүртгэгдсэн байна. Ковид-19 цар тахлын тархалт маш эрчимтэй явагдаж байна. Дэлхийн хагас сая хүн халдвар авч, 20 мянга гаруй хүн амь насаа алдаад байна. Эхний зуун мянган тохиолдол бүртгэгдэхэд 2 сар болсон бол хоёрхон хоногийн дотор сүүлийн зуун мянган тохиолдол бүртгэгдлээ. Бүх улс орон шийдвэртэй арга хэмжээг одоо л авахгүй бол сая сая хүний амь нас эрсдэх аюултай байна. Тэр тусмаа ядуу буурай, эрүүл мэндийн тогтолцоо муу хөгжсөн, гамшиг, дотоодын зөрчилтэй, иргэний дайнтай орнуудад туслахгүй бол эргээд дэлхийн бүх хүн ам эрсдэх магадлал өндөр байна. Тиймээс НҮБ-аас ядуу буурай орнуудыг дэмжих зорилгоор 2 тэрбум долларын төсөвтэй тусламжийн сан бүрдүүлжээ.
Мөн ДЭМБ-аас гараа сайтар угаах, хүний гар хүрэлцдэг гадаргууг арчиж цэвэрлэх нь вирусын тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга юм гэж зөвлөжээ.