Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол зохион байгуулж байна. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр нэр дэвшигчдээс гишүүд асуулт асуун хариулт авч байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шүүхийн тухай хуулийн гол үндсэн агуулга нь шүүгчид хариуцлага хүлээлгэдэг Үндсэн хуулийн шинэ механизмыг оруулж ирэхээр өөрчлөлт орж ирсэн. Өөрөө хэлбэл шүүгч хүн мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргавал шүүгчийг хариуцлагад татъя гээд Шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллагыг Шүүхийн тухай хуульд оруулсан. Сахилгын хороо 9 гишүүнтэй ба дөрөв нь шүүгч нар дотроосоо байна. Үлдсэн тав нь гаднаас орж ирэх ёстой.
Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун та 1996 оноос хойш та шүүхийн захиргааны байгууллагад Тамгын газрын дарга, ШЕЗ-д хоёронтоо сонгогдсон. Та энэ системийн хүн мөн үү" гэж асуулаа.
Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун "Би 1998 оноос хойш шүүхийн байгууллагад захиргааны ажлыг 21 жил хашиж байсан нь үнэн. Одоогоор шүүхийн байгууллагад ажиллахгүй байгаа" гэв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Таны эхнэр Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа. Таныг ШЕЗ-ийн гишүүнээр ажиллах хугацаанд та одоо ажиллаж байгаа хичнээн шүүгчийг шүүгчийн сонгон шалгаруулалтад ороход нь санал өгсөн бэ. Мөн тантай цуг Шүүхийн тамгын газарт таны удирдлага дор байсан хүмүүсээс өнөөдөр шүүхийн системд хэдэн хүн ажиллаж байна вэ" гэж тодрууллаа.
Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун "Миний багцаагаар 200 гаруй шүүгч болох гэж нэр дэвшиж байсан. Давхардсан тоогоор 200-300 хүнд саналаа өгч байсан. Намайг ШЕЗ-ийн гишүүн болсноос хойш 10 орчим хүн шүүгч болсон байх. Өмнө нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаагүй, УДШ-д ажиллаж байсан 20 гаруй хүн байдаг. Нийт надтай хамт ажилладаг байсан 30 гаруй шүүгч шүүгчийн албан тушаалаа хашиж байгаа" гэж хариуллаа.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Би танд Шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд садаа болохгүйгээр нэр дэвших үйл ажиллагаанаасаа татгалзаач гэсэн санал тавьж байна. Учир нь бид анх удаа Шүүхийн тухай хуулиар шүүгч нарт хяналт тавьдаг Үндсэн хуулийн байгууллагыг бүрдүүлж байна. Та өөрийн хариултаараа энэ салбарын хүн болохоо бүрэн хүлээн зөвшөөрлөө" гэв.