Бага насны хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор иммуноглобулин үйлдвэрлэж түүнийг хүүхдүүдэд тарих судалгаа хийж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлж байсан.
Иммуноглобулин гэдэг нь эсрэг биеийн уураг юм. Өөрөөр хэлбэл вирусийн эсрэг тэмцэх чадвартай өөр хүний биед үүссэн эсрэг биеүүдийг агуулсан уургийг цусан дахь сийвэнгээр дамжуулж эсрэг бие тогтоогүй хүмүүст тарих боломжтой бэлдмэл юм. Энэхүү бэлдмэлийг Монгол Улсад 1970-1980 онд үйлдвэрлэж, сургуулийн насны хүүхдүүдэд томуу болон томуу төст өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг байсан ажээ.
Тэгвэл иммуноглобулины үйлдвэрлэл аль шатандаа явж байгаа талаар НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны мэргэжилтнээс тодруулахад "Өнгөрсөн долоо хоногт 2000 тунг ЭМЯ-д хүлээлгэн өгсөн. Цаашдаа ч тогтмол үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн, бэлэн болсон уургийг ЭМЯ-д хүлээлгэн өгнө" гэв.