Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүн амын дунд дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлийг Засгийн газар өгөөд буй. Үүний хүрээнд холбогдох эрүүл мэндийн байгууллагууд дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, дархлаа сэргээх нэмэлт тунг 70 ба түүнээс дээш ажилтантай байгууллагуудын захиалгын дагуу явуулын дархлаажуулалтын багууд очиж хийж байгаа юм.
Сонирхуулахад, хүн амын 30 хувь нь III тунд хамрагдахад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 80 хувиар буурах боломжтой болохыг албаны эх сурвалжууд мэдээлж, иргэд олон нийтийг нэмэлт тунгаа хийлгэхийг уриалсаар байна.