Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Хязгаарлалттай мэдээлэл гэх шинэ нэр томъёо буюу шинэ хуулийн зохицуулалт нь иргэд, хуульчдын дунд төөрөгдөл үүсгэж байна. Төрийн мэдээллийг хязгааралттай гэж ангилаад мэдээлэл олж авах иргэн, сэтгүүлчийг заавал зөвшөөрөл авахыг шаардаж байна. Хязгаарлалттай мэдээллийг эрж хайж олж авах, түгээхийн тулд мэдээлэл хариуцагчаас зөвшөөрөл авч байна. Энэ нь ухралт юм болов уу гэж харж байна. Хуулийн үндсэн зорилготой ч нийцэхгүй байна"
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн гишүүн Б.Баасандорж "Мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттай гэж гурав ангилж байна. Тухайн иргэний зөвшөөрөлтэйгээр өгч байгаа мэдээллийг л хязгаарлалттай мэдээлэл гэж байгаа" гэлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүх мэдээллийг нээлттэй болгож болдоггүй. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагын зөвшөөрлөөр мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг хуульд заасанд хязгаарын хүрээнд хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагад ил болгоно. Бүгдийг нь ил болговол мөрдөн шалгах ажиллагаанд саад болно" гэлээ.