Маргааш Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой Монгол бахархлын өдөр тохионо. Монгол бахархлын өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” одонг жилд нэг хүнд олгодог уламжлалтай. Гэтэл энэ жилийн Монгол бахархалын өдрийн хөтөлбөрт одон гардуулах үйл ажиллагаа багтаагүй байна.
Тодруулбал,
- 09.00 цагт Төрийн далбаа мандуулах
- 10.00 цагт Төрийн туг цэнгүүлэх
- 11.40 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
Эндээс харахад, энэ жил Чингисийн одонг гардуулахгүй юм байна. Гэхдээ 2020 онд цар тахлаас үүдэн энэхүү одонг гардуулаагүй хэдий ч энэ оны гуравдугаар сард Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаад нөхөн олгосон.
Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож яваатай ч холбоотой байж магадгүй.
Ерөнхийлөгч эх орондоо ирж, дараа нь "Чингийсийн одон"-гардуулахыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч олгох ёстой өдрөөсөө хойшилж буй бололтой, хөтөлбөрт тусгагдаагүй байгаа юм.
Манай улсын хувьд 2005 оноос "Чингис хаан" одонг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтсон аж.
Тус одонг хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшууллуудыг олгодог байна. Үүнд:
Одон хүртэгч Монгол улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:
1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
2. 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
4. 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
6. 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
9. 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
11. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
12. 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
13. 2021 онд Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
14. 2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин