Сангийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн дунд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин болон холбогдох албаны хүмүүс, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Манай улс 2000 оноос хойш төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг бие даасан хуулиар зохицуулж эхэлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тухай асуудал болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтод нийцүүлэн боловсруулсан байна.
ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГАД:
- Технологийн дэвшилд тулгуурлан хүний оролцоог бууруулах,
- Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэл шатыг цахим системээр зохион байгуулах,
- Ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх,
- Дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжих,
- Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгасан.
Шинэчилсэн найруулгын төсөл нь захиалагч төрийн байгууллагаас тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийх явцыг хурдан шуурхай зохион байгуулах боломжийг бүрдүүлсний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдээс тендер шалгаруулалтад оролцоход бүрдүүлж буй баримт бичиг, шаардлагын тоо хэмжээг бууруулж, төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчдоос шаардахгүй байх зэрэг эерэг үр дагаврыг бий болгоно гэж үзэж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 15,180 аж ахуйн нэгж тендерт оролцож байгаа бөгөөд манай улс төрийн худалдан авах ажиллагааны бүх үе шатыг цахим болгох бололцоотой байна. Тус улсын хэмжээнд зохион байгуулсан тендер шалгаруулалтын 2017 онд 27 хувь, 2018 онд 89 хувь, 2019 онд 98 хувь, 2020 онд 99 хувийг цахим системээр дамжуулан зохион байгуулсан байх бөгөөд худалдан авах ажиллагааны цахим систем нь одоогийн байдлаар аж ахуйн нэгжийн улсын бүртгэл, татварын өр төлбөр, цахим санхүүгийн тайлангийн мэдээлэл, шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа, авто тээврийн хэрэгслийн лавлагааны мэдээллийн сантай харилцан мэдээлэл солилцож байгааг нэмэгдүүлэхээр хуульд төсөлд тусгасан.
Төрийн мэдээллийн сангууд хоорондоо хүний оролцоогүйгээр мэдээллээ солилцох нь тендер шалгаруулалтад оролцогч этгээдүүдийн нөхцөлийг үнэн бодитой, түргэн хянан үзэх боломжийг бий болгоно. Хуулийн төслийг Сангийн яамны цахим хуудас, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн байгаа бөгөөд сонирхсон хүн танилцаж, саналаа өгөх боломжтой юм.