УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр төрийн сангийн мөнгөний үлдэгдэл 1.4 их наяд төгрөг байна гэж байна. 5.8 их наяд байх ёстой. 4.4 их наяд төгрөг нь хаачсан бэ. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа маш их мөнгөний будилаан хийсэн хүн. Хэрэв энэ үнэн бол ирээдүйн өв сангийн мөнгийг идчихсэн гэсэн үг.
Мөн УИХ-ын гишүүн бүрт 4 тэрбум төгрөг өгнө гэж яригдаад байгаа. Энэ үнэн бол хасах хэрэгтэй. Хүмүүсийн амьдрал ядуу, зүдүү байхад бид 4 тэрбум төгрөгөөр яах юм бэ.
Төрийн байгууллагад 200 мянга орчим хүн, төрийн өмчит компаниудад 87 мянган хүн байна. Данхайсан төрийг багасгах зүйл төсөвт байгаа юу" гэв.
Сангийн сайд Б.Жавхлан "Бид төрийн сан гэдэг нэгдсэн дансны тогтолцоонд ороод удаж байна. Ирээдүйн өв санг өнгөрсөн жилээс төрийн сангийн эх үүсвэр талд ашигладаг зохицуулалттай болсон. Өчигдрийн байдлаар 5.2 их наяд байна. Үүнд ирээдүйн өв сан 1.6 их наяд байна. Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 1.8 их наяд байна.
УИХ-ын гишүүдэд олгох 4 тэрбум төгрөг гэж байхгүй. Тийм зүйл огтоос байхгүй" гэлээ.