УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "2022 оны төсвийн төсөөлөлд эрүүл мэндийн салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалт юу байгаа вэ. Шинэчлэлийн бодлогын асуудлыг ойлгож байна.
Эрүүл мэндийн даатгалын сан 1.45 их наяд төгрөг болж нэмэгдлээ. Энэ мөнгөний задаргааг юу гэж төсөөлж байгаа вэ?
Цар тахалтай холбоотойгоор эрчимт эмчилгээ, хүнд хүмүүсийн тусламж үйлчилгээнд нэлээд ахиц гарсан гэж бодож байгаа. 2022 онд бодлогын худалдан авалтаа чиглэл рүү илүү хандуулах вэ" гэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Ирэх оны төсвийн шинэчлэлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг боловсронгуй болгох, сайжруулах, чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой. Эрүүл мэндийн салбарт энэ онд хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэлийг эрчимжүүлж, иргэдээ жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тоног төхөөрөмжийн худалдан авалтууд хийгдэж байгаа. Эдгээр тоног төхөөрөмжүүд энэ оны төгсгөл, 2022 оны эхээр суурилагдаад эхэлнэ. Энэ нь эрүүл мэндийн салбарын маш том тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт юм. Ингэснээрээ иргэдээ жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах дэд бүтцийг бэлдэж байгаа юм" гэлээ.