УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж тооцсон бэ. Худалдан авагчийн зарчим, гүйцэтгэлээр санхүүжүүлэх зарчмаар явж байгаа боловч өнөөдрийн байдлаар эмч нарын цалин урамшуулал нэмэгдэх боломж нь хомс байна. Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг гараад ажилласан. Эмнэлгүүдэд ковидын нэмэгдэл олгогдож байгаа. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоно. Нөхөж олгох болон хангалттай олгох тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ. ХӨСҮТ-ийн байр савны асуудал ямар хүнд байгаа билээ. Төрөх эмнэлгүүдэд хулгана гүйж байна гэх мэдээлэл байдаг" гэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "2022 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх, тэр тусмаа цалин урамшууллын асуудалд нэмэгдүүлэх тал дээр төсөвт оруулсан. Энэ жилээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжиж эхэлсэн. Тодорхой засаж, сайжруулах зүйлс байгаа. Цалин нэмэгдүүлэх тал дээр өртгийн жинг нэмж бодож гаргах ёстой. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх өртгийн жинг тооцоолж гаргана. Удирдлагуудад сургалт хийж байгаа.
ХӨСҮТ-ийн барилгын засварын ажлын хувьд 2021 онд тодорхой төсвүүдийг ХӨСҮТ-ийн барилгын засвар дээр тавьж гаднах болон дотор засварын ажлуудыг хийж байгаа. Энэ засварын ажлууд цаашдаа ч үргэлжлээд явна" гэлээ.