УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Тог, цахилгаан хэмнэж байна гэж явсаар байхад өвлийн нөхцөлд хөрөнгө оруулалтын ажлууд ямар хэмжээнд байгаа вэ? Дахиад бензин тасардаг шиг эрчим хүч энэ өвөл таг зогсох эрсдэл байгаа юу? Засвар үйлчилгээгээ хийж чадаж байгаа юу" хэмээн Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс асуулаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "2020 оны жилийн эцсийн балансаар эрчим хүчний салбар 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Төрөөс цахилгаан, дулааны үнийг даасантай холбоотой хэрэглээ огцом өсөж байгаа. Өнөөдрийн байдлаар ачаалал 100 мв-аар үйлдвэрлэлээс давахаар байна. Энэ жилийн өвлийн их ачааллыг давахын тулд бид Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 мв-аар өргөтгөх ажлыг дуусгасан. Дарханы олон жил үргэлжилсэн 35 мв-аар өргөтлөх ажлыг мөн дуусгасан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оныхоос эх үүсвэрийн хүчин чадал 70 мв-аар нэмэгдсэн. ОХУ-аас авдаг эрчим хүчний чадлын хэмжээг 100 мв-аар нэмэгдүүлэх хүсэлт тавьсан. Өмнө зөвшөөрдөггүй байсан бол энэ жил зөвшөөрсөн. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр тогтвортой ажиллахгүй бол зарим хэрэглэгчдэд хязгаарлалт тогтоохыг үгүйсгэхгүй. Төрөөс даах хөнгөлөлт энэ оны эцсээр дууссанаар хэрэглээ буурах байх гэж наадаж байгаа. Салбарын хувьд өвлийн бэлтгэлийн ажил өнөөдрийн хувьд 90 хувийн гүйцэтгэлтэй байна" гэв.