УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хоёр яам шинээр байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Хоёр яам байгуулах нь зөв. Яамдын тоо хэд байх нь хамаагүй шаардлагатай гэж үзвэл нэмэх нь зүйтэй. Яамд үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Яам салбарынхаа бодлого чиглэлийг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажлуудтай зууралдсаар байна. Төрийн өмчийн хороо 30 хувь, яамд 70 хувийг эзэмшдэг байдал нь компанийн тогтолцоотой адилхан байна. Тиймээс энэ асуудлыг нэг тийш болгон шийдвэрлэх шаардлагатай. Яамд нь бодлогоо боловсруулж, төрийн өмчид газрууд нь бие даасан үйл ажиллагаа явуулдаг болох ёстой юм”
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат “Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой асуудлууд байна. Энэ асуудлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар яригдаж байгаа. Яамдыг аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаанаас хол байлгах ерөнхий санаа чиглэлийг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, яам бодлого боловсруулах үндсэн чиг үүрэгтэй. Мөн хуульд зааснаар чиглэлийн яамдууд тухайн салбарын үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх, зохицуулахтай холбоотой асуудлыг хариуцаж ажиллах ёстой. Худалдан авах ажиллагаатай холбогдсон асуудалтай холбоотой өмнөх жишээнүүдийг харахад олон яамдыг салгаж, тус тусад нь агентлаг болгон янз бүрийн байдлаар ажилласан. Цаашдаа худалдан авах ажиллагааг нэгдсэн байдлаар агентлагийн түвшинд зохицуулж, мэргэжлийн агентлаг нь үндсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаад, яамны ажлаас салгах боломжийг судалж байна” гэлээ.
ЗГХЭГ дарга Ц.Нямдорж “Энд яригдаж буй асуудал 30 орчим жил яригдаж байна. Төрийн өмчийн хуулийн төсөл Засгийн газарт боловсруулагдаж байгаа. Намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдэгдүүлэхээр тооцон ажиллаж байна. Энэ үед УИХ Засгийн газрын түвшинд анхаарал хандуулж, шийдэх ёстой. Жишээлбэл, концессийн асуудал нь салбарын яамдаа боловсруулагддаг. Харин тендерийг нь худалдан авах ажиллагааны газар шалгаруулдаг. Энэ байдлаас үүдэн хариуцах эзэнгүй болчихдог. Энэ байдал олон жил үргэлжилж байна. Тиймээс цэг тавина гэж бодож байна. Засгийн газарт энэ саналаа өргөн мэдүүлнэ. Эрчим хүчний салбарыг яам болон сайдаас нь холдуулж болохгүй. Төрийн өмчийн хороо ЭХЯ-ыг удирдах ямарч боломж байхгүй. Хариуцсан салбараасаа хол хоёрдмол удирдлагатай, эцсийн хариуцлага хүлээх эзэнгүй байдлыг зогсоох ёстой” хэмээлээ.