УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал дууссаны маргааш нь дипломат шугамаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлал бүтэхээр болсон тухай мэдээлэл ирлээ. Гэхдээ...
Өнгөрсөн долоо хоног хойд хөршөөс ирсэн хоёр мэдээ анхаарлыг татлаа.
Эхний мэдээ нь энэ сарын 12-13-ны өдрүүдэд болсон УБТЗ ХНН-ийн Ерөнхий хурал юм. Монголын тал энэхүү хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх ёстой 11 асуудлаас ганцхан асуудал шийдвэрлэж чадаагүй, амжилттай хурал болсон гэж мэдэгдсэн.
Бодит байдал дээр тийм ч амжилттай байсан нь эргэлзэхээр. Улмаар энэхүү Ерөнхий хурлын үр дүнгээс болж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалын асуудал хэрхэн шийдэгдсэн бол?
10 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон хуралд оролцохоор Монголын төлөөлөгчид бүр өмнө 8-ны өдөр ОХУ-ыг зорив. Нислэг нь тэгж таарсан юм гэнэ. Амралтын өдрүүдэд Байгаль нуурын эргээр зугаалах зэрэг “ажил” цөөнгүй.
Ингээд хурал эхэллээ. Хурлаар Монголын талын сонирхож байсан ганц асуудал бол УБТЗ ХНН-ийн Замын даргын асуудал. Нэр дэвшигч Ц.Хүрэлбаатарыг дарга болгооч гэж гуйлаа. Оросын тал хурал эхлэхээс өмнө дарга болгохгүй байх шалтгаанаа дахин тайлбарлалаа. Бүтсэнгүй. Ядаж үүрэг гүйцэтгэгч болгоод өгөөч гэж гуйлаа. Бүтсэнгүй.Монголын тал гол “даалгавраа” биелүүлээгүйдээ бухимдаж хурлын протоколоо зуралгүй Эрхүү хотыг орхин нислээ.
Онгоцны буудалд Монголын талынхан жаахан согтуурхсан тулнэгэн даргыг онгоцонд оруулахгүй гэж жаахан саатсаныг эс тооцвол “ажил дуусав”.
УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал дууссаны маргааш нь дипломат шугамаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлал бүтэхээр болсон, бэлтгэж эхэлж болно гэх мэдээлэл ирлээ. Гэхдээ У.Хүрэлсүхийн хүсээд байсан төрийн айлчлал биш, “нэг өдрийн” албан айлчлал болж хувирлаа.
Төрийн айлчлал, албан айлчлал хоёрын хооронд их том ялгаа бий. Төрийн айлчлалын үед дагалддаг улаан хивс, цэргийн үлээвэр хөгжим, төрийн дуулал гээд бүх зүйл байхгүй. Онгоцны буудалд дээд тал нь Гадаад харилцааны орлогч сайд угтаж авна. Тэгээд уулзах газарт хүргэж өгөөд л боллоо гэх мэт.
УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал, энэ айлчлалын холбоосыг олж харж байна уу? Өнөө жил Орос, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил тэмдэглэж байгаа шүү дээ!!! Манай нэг ерөнхийлөгч Путинд халз уулзалтын үеэр толгойгоо эргэтэл загнуулсан тэр байдал руу орж байгаагаа мэдэж байна уу?
УБТЗ-ын шийдэгдээгүй асуудлыг хүндрүүлэх гэсэн шиг өчигдөр Ерөнхий сайд ОХУ-ын Элчин сайдад өнөөгийн АМГТХЭГ-ын дарга Х.Хэрлэнг Монголын тал УБТЗ ХНН-ийн Замын даргаар томилох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
"РЖД" компанийн удирдлагууд удаа дараа Замын даргад тавих шаардлагаа танилцуулсан. Тэд УБТЗ-д ажиллаж байсан туршлага, УБТЗ-ыг төрийн байгууллагууд болон олон улсын хэмжээнд төлөөлөх чадвартай, хэвлэл мэдээлэлд нэр цэвэр гэсэн энгийн, хэдхэн шалгуур тавьсан.
Оросын тал Х.Хэрлэнг хүлээн зөвшөөрөхгүй байх. Түүний орос хэлний мэдлэгээс эхлээд, энэ салбар дахь туршлагыг чамлана. Тэгээд ч төмөр замын салбарт хоёр улсын үл ойлголцол дээд цэгтээ хүрлээ. УБТЗ-ын 50 хувийг мэдэх РЖД-тэй харилцаагаа муутгасан талаарх мэдээллийг өдөр тутам авсаар байгаа манай Ерөнхийлөгч яаж ийм уур амьсгалд ганцхан өдрийн “лимиттэй”-гээр Путинтэй уулзана даа?
В.И.Якунин монголчуудад хандаж “Хозяйственные вопросы, котрые долго не решаются, становятся политическими” буюу “Удаан шийдэгдэхгүй байгаа аж ахуйн асуудлууд улс төрийн болдог“ хэлж байсан гэдэг. Энэ салбарын асуудал улс төрийн байтугай асуудал болж хувирах нь ээ.
Нийтлэлч: У.Оргилмаа