Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцааж байгаа нь хэргийг хоёр үе шатанд хуваахын утга учрыг алдагдуулж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 2 секунд

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Нэн тэргүүнд хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьсон. 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулахад цоо шинээр оруулж ирсэн өөрчлөлт бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шинэчилсэн хуулийн чухамхүү нэг гол үзэл баримтлал нь шүүхийн хэлэлцүүлгийн үе шатыг хоёр хувааж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан гэж заагласан. Ингэсний мөн чанар, зорилго, агуулга нь дээр дурьдсан хууль зөрчигдөж, алдаа эндэгдэл гарвал хэргийг бүрэн шийдвэрлэж дууссан хойно бус шүүхээс хэргийг урьдчилан цаг алдалгүй прокурорт буцаах замаар алдааг залруулах тусгайлсан үе шатыг бий болгосонд оршино.

Гэтэл 2019 онд анхан шатны шүүх 26,897 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 57 хэргийг цагаатгаж, 1345 хэргийг шүүхийн шатнаас прокурорт буцаасан, 2020 онд 13,470 хэрэг шийдвэрлэснээс анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан. Прокурорт буцаасан нийт хэргийн 1231 нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцсан бол 1350 хэрэг нь шүүхийн хуралдааны шатнаас буцсан байна. Ийнхүү 2019-2020 онд анхан шатны шүүхээс буцаасан хэргийн талаас илүү хувийг шүүх хуралдааны шатнаас буцаажээ. Мөрдөгч, прокурор хууль зөрчсөн алдаагаа засах боломж олгосон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр бус гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаасаар байгаа нь хэрэг дээрээ ийнхүү хоёр үе шатанд хуваахын утга учрыг алдагдуулсан хэрэг болсон.

Шүүхийн практикт шүүх, прокурорын байгууллага эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаалтай хүмүүс, улс төрд нөлөө бүхий этгээдийн дарамт шахалтад орох, авилгын сүлжээ бий болгох, хэргийг сунжруулсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуульд заасам хүндэвтэр болон хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах үндсийг бий болгож байна. Нөгөө талаар мөрдөгч, прокурор нь нэгэнт шүүхээс буцаадаг заалт байгаа юм чинь гэсэн хайнга сэтгэхүйгээр дутуу шалгасан, хэргийн бодит байдал бүх талын нотлох баримтаар нотолж чадаагүй, “дутуу боосон” хэргийг шүүхээс чиглэл авчихья гэдэг байдлаар шүүхэд шилжүүлж, улмаар тодорхой чиглэл авч буцаалган тэр чиглэлийнхээ хүрээнд дахин ажиллагаа хийдэг хариуцлагагүй практик хөгжих үндэс болсон.

Яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан "ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх", мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг эрхтэй. Харин шүүх хуралдаанаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэж зүйлчлэлийг хүндрүүлэх эсхүл шинээр ял сонсгохын тулд шүүхийн шатанд хэргийг прокурорт буцаах ерөнхий зохицуулалтыг хэрэглэж байгаа нь яллагдагч дээрх эрхээ бодитойгоор эдлэх боломжийг хязгаарлаж байгаа. Иймд Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх, суурь зарчмыг гажуудуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүх хуралдаанаар тоггоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг шийдвэрлэж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгох зорилгоор нэг удаа 30 хоногоор хойшлуулах нэн тодорхой зохицуулалтыг шинээр бий болгож болох юм" гэлээ.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

“Барилгын материалын өсөлт улсын төсөвт 204 тэрбум төгрөгийн ачаалал авчрахаар байна“
“Барилгын материалын өсөлт улсын төсөвт 204 тэрбум төгрөгийн ачаалал авчрахаар байна“
 
Баян-Өлгий аймагт цас их орсны улмаас зам даваа хаагджээ
Баян-Өлгий аймагт цас их орсны улмаас зам даваа хаагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.