Барилга хот байгуулалтын яамнаас барилгын материалын үнийн асуудлаар мэдээлэл хийсэн. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга"Гадаад зах зээлд төмрийн хүдэр, Хятад, Австрийн эдийн засгийн дайнтай холбоотой төмрийн үнэ өссөнтэй холбоотойгоор импортоор оруулж ирж байгаа арматурын үнэ өссөн. Мөн тээвэртэй холбоотой материалын үнэ өсөж байна.
Арматур, төмөр хийц, дулаалгын материалуудын үнэ өндөр байна. Арматур л гэхэд 81 хувь, дулаалгын материалууд 92 хувь, тоосго 52 хувь, мод модон материал 69 хувийн өсөлттэй байна.
Шалтгаан дээр нь дүн шинжилгээ хийхэд, нэгдүгээрт, манай барилгын материалын салбар импортын бараанаас хамааралтай байна. Цар тахлын эхний жил гадны инженер техникийн ажилчид орж ирээгүй учир цементний үйлдвэр зогсч, хомстол үүсч, үнэ өссөн.
Үнийн өсөлт ямар хугацаанд үргэлжилж байгааг харгалзаж, он дамнан хэрэгжээд явах төсөл хөтөлбөрүүд дээр үнийн индексээ бариад ажиллая гэж байгаа. Жишээлбэл, барилга угсралтын ажил нь 2021 онд эхэлсэн бол энэ жилдээ өсөлттэй тооцоод цаашдаа үнийн индексээ бариад явна. 2021 онд дуусаж байгаа барилга байгууламжийн хувьд үнийн өсөлтийг нь тооцохоор болсон. Үүн дээр бид төсвийн асуудал хариуцсан төв байгууллагатайгаа маш сайн хамтарч ажиллаж байгаа. Сангийн яам нэлээн дэмжиж ажиллаж байна.
Барилгын материалын өсөлт улсын төсөвт ямар хэмжээний ачаалал үзүүлэхийг ҮСХ-ны зарлаж байгаа үнийн индексээр бодоод үзэхээр 360 гаруй төслийн 204 тэрбум төгрөг төсөв дээр очихоор байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт 1,000 гаруй төсөл бий. Дээр дурдсан 360 төсөл нь боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтууд юм" хэмээлээ.