Өнөөдөр "Охидын эрхийг хамгаалах өдөр" тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан иргэний нийгмийн байгууллагууд хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ. Тэдний зүгээс хүүхдийн хүчирхийллийн тухай хуульд дараах өөрчлөлт оруулахыг хүслээ. Тодруулбал,
-Хүүхдийн бэлгийн халдашгүй эрхийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах,
-2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 12.5 гэсэн зүйл заалтыг өөрчлөх, хүчингүй болгох
/ 12.5 дугаар зүйл.Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох
1.Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./
-Бэлгийн хүчирхийэл, хүчингийн хэргийг шалган шийдвэрлэх стандартыг Монгол Улсад бий болгох,
-Гэмт хэргийн хохирогч болсон охидыг нөхөн сэргээх, сэтгэл санааны хохирлыг нөхөн тооцох тогтолцоог бий болгох заалтуудыг тусгасан байна.
Мөн хуульч Р.Булгамаа “Хүүхдийн эрх, хүчирхийлэл ярьж УИХ-ын эрхэм гишүүний алдар хүнд олж авсан эмэгтэй гишүүд бий. Та бүхэн ажлаа хийж, хүчирхийлэлд өртсөн охидын эрхийн асуудалд анхаарал хандуулахыг хүсэж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Э.Дэлэгнанзадмаа