Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Улстөрийн намууд “Нэг тэрбум мод“ тарих хөдөлгөөнд нэгдэж, мод тарилаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 16 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж “Баянгол Агро парк”-д мод тарив.

Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн М.Энхболд, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг нар оролцлоо.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Энхболд “Би 17 жилийн өмнө гаргаж байсан шийдвэрээ “Legalinfo” сайтаас өчигдөр хайж оллоо. 2004 онд Хотын захирагчаар ажиллаж байхдаа нэг захирамж, журам баталсан байна. Тэрхүү захирамжид "Албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хашаа хороо, ойр орчимдоо мод тарь. Тарьсан модоо хоёр жилийн турш хариуцан ургуулсан тохиолдолд нийслэлийн төсвөөс мөнгө өгнө. Мөн ногоон байгууламж бий болгосон, мод тарьсан байгууллагын газрын төлбөр дээр хөнгөлөлт үзүүлнэ” гэсэн байна.

Тэр үед мод тарих асуудал чухал байсан. Өнөөдөр ч хэвээрээ байна. Монголчууд “Нэг тэрбум мод” аянд их бага гэлтгүй мод тарьж оролцох хэрэгтэй. Та бүхний санаж байгаачлан 2003 онд Тужийн нарсыг байгуулах санаачилга гарч, 10 сая мод тарьсан. Тужийн нарс бол Ази тивд томд тооцогдох ногоон байгууламж болж чадсан. Тухайн үед 10 сая мод тарина гэхэд хүмүүс их шүүмжилж байсан. 10 жилийн өмнө бид 10 сая мод тарьж чадсан. Тиймээс "Нэг тэрбум" мод үндэсний хөдөлгөөнд нийтээрээ идэвхтэй оролцоосой гэж хүсч байна” гэлээ.

Иргэний зориг ногоон намын дарга А.Бархүү “Бид бүгд байгаль эхийн хүүхдүүд. Бидний хийж буй зүйл мод тарих гэхээс илүүтэйгээр байгалиа хамгаалах үйлсийн нэг хэсэг гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих хөдөлгөөнийг бодлогын хүрээнд болон үйл ажиллагааны хувьд дэмжиж байна. Намын удирдлагад байдаг хүний зүгээс хариуцлагатайгаар хэлэхэд, ногоон хөгжлийн бодлогод тарьсан модыг хайрлаж, устгалгүйгээр ургуулахад анхаарах хэрэгтэй. Манай Улаанбаатар хотын хөгжүүлэлтийн бодлогод гардаг алдаа бий. Ууланд ургасан идэр залуу модыг тайрч авчраад нийслэлд нутагшуулах гээд үхүүлчихдэг. Энэ үйл ажиллагааг зогсоох ёстой. Бид өнөөдөр хэдэн мод тарьж байгаагаа сурталчилж уралдах бус нэг мод ч хамаагүй тариад түүнийгээ арчилж ургуулах нь маш том гавьяа болно”

ХҮН-ын Хүний нөөц, захиргаа хариуцсан нарийн бичгийн дарга Б.Зандан “ХҮН-ын хувьд 12 хүний бүрэлдэхүүнтэй мод тарьж байна. Мод тарихад “Хүн академи” улс төрийн манлайллын хөтөлбөрийн залуучууд болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүд ирж оролцож байна. Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих хөдлөгөөнийг дэмжиж байна. Мод тарих хэдийгээр чухал боловч тарьсан модоо арчлахгүй бол үр дүн гарахгүй. Манай намын зүгээс цаашдын арчилгааны ажилд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. ХҮН нь хүн дээд үзэлтэй. Тиймээс хүнээ дээдэлсэн бодлогыг дэмждэг. Бид урьд нь “Паркаа аваръя” хөдөлгөөнд оролцож байсан. Шинэ барилга байгууламж барихад хүнд ээлтэй байхаар бодолцдог хүн дээд үзэлтэй. Тийм ч учраас мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Цаашид жил бүр мод тарина гэсэн төлөвлөгөөтэй байна” гэдгээ илэрхийллээ.

Байгаль орчин хамгаалагч залуу мэргэжилтнүүдийн холбооны гишүүн С.Оюунтуяа “Манай холбоо байгаль орчны салбарт ажилладаг мэргэжилтнүүдийг чадавхжуулах талаар үйл ажиллагаа явуулдаг ТББ юм. Арга хэмжээний хүрээнд дөрвөн хүн төлөөлж оролцож байна. Ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих хөдөлгөөнийг дэмжиж байна. Байгаль орчны мэргэжилтнүүд гэдэг утгаараа мэргэжлийн зөвлөгөө, чиглэлээр хангах болно. Урьд нь мод тарьж ургуулах хөтөлбөр олон хэрэгжиж байсан хэдий ч суулгасан модоо арчилж тордолгүй орхисноос үр дүн гаралгүй өнгөрсөн тохиолдолууд бий. Тиймээс тарьснаа ургуулъя гэж уриалж байна” гэв.

Энд хүрэлцэн ирсэн нам эвслүүд болон байгууллагууд мод тарих хэдийгээр чухал ч тарьсан модоо цаашид арчлан ургуулах нь хамгийн чухал гэдэг нэгдсэн байр суурьтай байна.

Э.Дэлэгнанзадмаа

Гэрэл зургийг Бат-Оргил

Д.Ганбат: Нүүрс тээвэрлэлтийн асуулгыг Ерөнхий сайдад хаягласан юм, гэтэл шаардлагатай хүмүүс алга
Д.Ганбат: Нүүрс тээвэрлэлтийн асуулгыг Ерөнхий сайдад хаягласан юм, гэтэл шаардлагатай хүмүүс алга
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.