УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "ЗТХЯ-ны юманд хандаж байгаа хандлага нь буруу байна. Залуу дарга нар амьдралаас тасарчихсан харагдана лээ. Өчигдөр надад "Цагаан хад, Гашуунсухайт боомтын авлигын асуудал хэрээс хэтэрлээ. Төрийн албан хаагчид нүүрс тээвэртээ хувийн машин явуулж байна. Мөнгө өгсөн ААН-үүд тээвэр хийж байна. Шударгаар яваа жолооч нар нэг ч хэрээс хийж чадахгүй байхад зарим жолооч нар 4-5 хэрээс хийж байх жишээтэй" гэх мессеж ирлээ.
Энэ ОХУ, БНХАУ-аас болсон зүйл байхгүй дээ. Сүүлдээ манай жижиг улсыг хаалаа, боолоо гэдэг болж. Бидний унхиагүй, зохион байгуулалтгүй, Монголын төрийн ялзарсан хээл хахууль, авлигатай холбоотой. Нэг хэсэг АН-аас боллоо гэдэг байсан чинь АН нь алга болоод өгсөн. Тэгэнгүүт Орос, Хятадаас боллоо гэдэг болж. Тийм зүйл байхгүй шүү. Ажлаа хийцгээгээрэй. Одоо жишээ нь чингэлэг тээврийг 26 тэрбумаар босгочихоод одоо Хятадтай ярина гэх юм. Анхнаасаа Хятадтай ярьж хийдэггүй юм уу. Шинжилгээ буруу гарлаа гээд байх юм. Шинжилгээ зөв авдаг болж болдоггүй юм уу. Энэ бүх зүйлд чинь жолооч нар хохирч байна" гэв.
ЗТХ-ийн сайд Л.Халтар "Цагаан хад, Гашуунсухайтад төрийн албан хаагчид авлига авдаг гэх асуудлыг Засгийн газрын хурлаар яръя. Үнэн бол харамсалтай байна" гэлээ.