УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Асуулгын хариутай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Ковидын халдвар тархахад л эдийн засгийн гол цөм болох говийн бүс нутгаа ногоон бүс байлгахад анхаараарай гэхэд арга хэмжээ авч чадалгүй өнөөдөр ийм байдалд хүрч байна. Нэг хариуцлагагүй ААН, хувь хүнээс болж, маш олон жолооч нарын эрх ашиг хөндөгдөж байна. Бодит жишээ байна. Халдвартай очсон жолоочоо тухайн ААН нь ХӨСҮТ, УОК-т мэдэгдэхгүй эмчилнэ гэж хав дарсан. Улмаар тээврийн жолоочийн нэг орон тоо гарангуут нөгөө жолоочоо явуулаад баригдсан. Үүнээс болж хэчнээн олон жолооч хохирч байна. Иймэрхүү асуудлаас болж, Ногоон бүс байж чадахгүй хүндэрч байна. Хятадуудаас болж байна гэж хараагаад байдаг хэрнээ өөрсдөө зохион байгуулалтгүй, хариуцлагагүй байна"
ЗТХЯ-ны Авто бодлогын газрын дарга Жаргалсайхан "Шинжилгээний зөрүүтэй асуудлаар ХӨСҮТ-өөс мэргэжилтнүүд очиж ажилласан. Монголд сөрөг гарчихаад, БНХАУ-ын талд очихоор эерэг гараад байдаг. Улмаар БНХАУ-ын тал халдвартай багийг 28 хоногийн хугацаанд хүлээн авахгүй. Цагаан хаднаас гарах шаардлага тавьдаг. ААН-үүд жолоочоосоо дахин түргэвчилсэн шинжилгээ аваад ХӨСҮТ болон хувийн эмнэлгээр давхар шинжилгээ өгүүлдэг. Ингээд хариу нь сөрөг гардаг. Ингээд сөрөг байхад Цагаан хаднаас гаргачихлаа гээд маргаан үүсдэг байсан. Нарийн мэргэжлийн хүмүүс үүнийг шалгасан. Хэд хэдэн зөрчил илэрсэн. Нэг тохиолдол хэлэхэд, өөрийнхөө оронд өөр хүн шинжилгээнд оруулаад БНХАУ руу гарсан боловч нөгөөдөх нь хятадын талд очоод баригдсан гэх мэт дотоодын зохион байгуулалттай холбоотой асуудал бий" хэмээлээ.
Уг асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар "Албаны зүйл ярина шүү. Зах дээр буу халж байгаа юм шиг" хэмээн бухимдлаа.
Хуралдаан үргэлжилж байна.