НЭМГ-ын дарга Б.Бямбадорж гэрээс бусад газар байнга амны хаалт зүүх, тэгэхдээ үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр амны хаалт зүүх уриалга дэвшүүллээ.
Тэрбээр өчигдөр болсон, коронавируст халдварын тархалтын нөхцөл байдал түүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх НОК-ын ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “ДЭМБ-аас Монгол Улсад ажилласан ажлын хэсгийнхэн монголчууд амны хаалт зүүж хэвшсэн гэж үнэлж байсан. Гэтэл бид амны хаалтыг зүүх буруу дадлыг өөртөө хэвшүүлсэн байна. Хүн харахад амны хаалттай боловч халаасандаа хийсэн, бохирдсон, удаан хугацаанд солиогүй амны хаалт зүүж байна. Мөн өдөр тутмын нийгмийн харилцааны явцад буюу ажил дээрээ кофе уух, хууч хөөрөх зэрэгт амны хаалт зүүхгүй байна. Гэрээс бусад газар байнга амны хаалт зүүх хэрэгтэй. Олон улсад хүн өөрөө өөрийгөө халдваргүй гэдгээ илтгэсэн янз бүрийн арга хэмжээ авч байна. Жишээ нь улаан өнгийн бугуйвч зүүснээр өөрийгөө халдваргүй болохоо батлаж байгаа юм. Бидний зүгээс үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр амны хаалт зүүх уриалга дэвшүүлж байна” гэсэн юм.