Эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Үүнээс үүдэн 600 орчим орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа гэж Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр яриагдсан юм. Тиймээс энэ асуудлаар Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаатай ярилцлаа.
"Сарын 500 мянган төгрөгийн цалинтай эмч ажилчид эрүүл мэндээ эрсдэлд оруулж, өдөр шөнөгүй цаг наргүй ажиллаж байгааг анхаарах шаардлагатай"
-Цар тахлын улмаас эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал хүндэрч, нөхцөл байдал хүнд байна. Уг асуудалд Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэрхэн ажиллаж байна вэ?
-56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилчид сүүлийн хоёр жилийн хугацаанд туйлдатлаа ажиллаж байна. Халдварын улаан бүсэд ажиллаж байгаа учир өөрсдөө халдвар авах нь их байгаа. Нийт ажилчдын 60 гаруй хувь нь халдвар авсан. Халдвар аваад эдгэсний дараа жирийн иргэд шиг халдвар хамгааллын дэглэм сахиж, гэртээ 7-14 хоног өөрийгөө тэнхрүүлнэ гэж байхгүй. Шууд л ажилдаа орж байгаа. Тангараг өргөсөн учир ирж ажилла, үгүй бол ажлаасаа гар. Дараагийн хүн чинь бэлэн байна гэсэн ажил олгогчийн дарамт ч их учир шууд ажилдаа орно. Зарим нь ажлаасаа гарах өргөдлөө өгч байна. Өргөдөл өгөх эмч, ажилчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
-Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эмч нарын ажлаас гарч байгаа үзэгдэл ковидоос өмнө нь ч гэсэн байсан. Жилд нийт ажилчдын таван хувь ажлаас гардаг” гэж мэдээлсэн. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?
-Эмч, ажилчдын ажлаас гарч байгаа нь зөвхөн ковидын ачаалал биш. Амьсгалын замын өвчлөл, даралт ихсэх, харвах, зүрх судасны өвчлөл гэх мэт олон төрлийн өвчлөл өмнө нь байсан. Одоо ч байгаа. Энэ их ачаалал дээр ковидын өвчлөл нэмэгдэж байгаа тул эмч, ажилчдын эрүүл мэнд хүндэрч, ажлаас гарах тохиолдол ч бий. Мөн хүний амьдралд юу ч тохиолдож болно. Өөр эмнэлэгт шилжин ажиллах, гадаад руу явах гэх мэтчилэн олон шалтгаанаас болж ажлаас гарч байсан. Үүнийг тэр 5 хувьд нь орсон гэж ойлгож байна.
"Авах цалин нь багасаад өөрсдөө өвчлөлд өртөж байгаа учир ажлаасаа гарч буй эмч нараа буруутгах аргагүй"
Харин одоогийн нөхцөлд эмч нар сард 500-600 мянган төгрөгийн цалин авчихаад эрүүл мэндээ эрсдэлд оруулж, өдөр шөнөгүй цаг наргүй ажиллаж байгаад амь насаа алдвал яах вэ. Энэ зүйлийг ард иргэд ч ойлгохгүй байна. Төр засаг ч үл ойшоож, эдгээр хүмүүс ингэж явах л хэрэгтэй гэсэн бодолтой болчихсон. Бид ч эрүүл мэнд, амь насаа хамгаалах үүрэгтэй шүү дээ. Өмнө нь өгч байсан цалин урамшуулал нь хүртэл багасаад, өөрсдөө өвчлөлд өртөж байгаа учир ажлаас гарч байгаа эмч нараа буруутгах арга байхгүй.
-Өнөөгийн нөхцөл байдалд Эрүүл мэндийн үйлдвэрлэлийн эвлэлээс эмч нарын төлөө ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Бид нэг сарын өмнө яам тамгын газар, ЭМЯ-ны хөөцөлдөж байж, халдвар аваад гэртээ байгаа эмч нарт нөхөн төлбөр буюу 100 мянган төгрөг өгөх, улаан бүсэд ажилласан эмч нарын цалинг 3 дахин нэм гэх шаардлагыг тавьж хууль батлуулсан. Гэвч 3 дахин нэмэх байтугай хуулийн хүрээнд өгөх ёстой цалингаа ч өгч чадахгүй байна. Эмч эмнэлгийн байгууллагын ажилчдын 90 хувь цалингийн зээлтэй байгаа. Төр засаг яагаад ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн орчин нөхцөл байдал, цалин хөлсийг нэмээд өгч болдоггүй юм бэ. Ийм сэтгэл гаргахгүй байгаа учраас ажилчид туйлдаа хүрч, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч ажлаасаа гарч байна.
"Нас барсан иргэдийн цогцсыг зөөж, цэвэрлэгээг хийдэг ажилчид 400 мянган төгрөгийн цалинг 200,200 мянгаар хоёр хувааж авч байна"
Бусад улс орны ажилчид бидний авч байгаа цалингаас 8-10 дахин их цалин авч ажилладаг. Манай улсын дундаж цалин 1.390.000 төгрөг. Бид 50 хувьд нь хүрэхгүй цалин авч ажиллаж байгаа. Нас барсан иргэдийн шарилыг зөөж буй жолооч, үйлчилгээний ажилтан гэхэд сар 400 мянган төгрөг авдаг. Түүнийгээ 200, 200 мянгаар нь хуваагаад авчихдаг. Энэ тал дээр үнэхээр хэлэх ч үг олдохоо больж байна. Манай ажилчид “Ажил хаяцгаая даргаа. Та ажлаа хийгээч” гэсэн шаардлага тавьж байгаа. Холбооны зүгээс ч "Бид ажил хаяхад бэлэн". Гэвч ард иргэд нь өдөрт 10, 20-иороо үхэж байхад шууд хаячихаж чадахгүй байна. Үнэхээр зүрх сэтгэлтэй хүмүүс тулдаа л ингэж тартагтаа тулан ажиллаж байна. Түүнээс биш бид тангараг өргөсөн гээд заавал ажиллаад байх шаардлага байхгүй шүү дээ.
-ЭМЯ-ны сайдад хандсан уу. Ямар хариу өгч байна вэ?
-Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайдад олон удаа хандсан. Сайд "Бид ажиллаж байна. Завгүй байна. Ачаалалтай байна. Есдүгээр сарын 20-нд хариу арга хэмжээ авч ажиллана" гэж хариу өгсөн. Өнөөдөр 9-р сарын 29. Авсан арга хэмжээ алга байна. Бид долоодугаар сард цалингаа нэмэгдүүлэхийн тулд жагсаал хийсэн. Үр дүн байгаагүй. Хэрэв одоо нөхцлийг нь сайжруулахгүй бол ажил хаяхад бэлэн байна. Манай үйлдвэрчний эвлэл ажилчдын эрх ашиг зөрчигдөж, хөдөлмөрийн мөлжлөгө явагдаад байна гэсэн тохиолдолд ажилчдыг хамгаалах, ажлыг нь хаяуулах эрхтэй байгууллага. 2021 оны арваннэгдүгээр сарын 20-нд төсвийн тодотголд эмнэлгийн байгууллагын цалин хөлсийг нэмээгүй тохиолдолд бид хөдлөх болно.
"Өвдөөд ирсэн иргэд эмч нарыг доромжилдог, загнадаг, сэтгэл зүйн хүнд нөхцөл байдалд оруулдаг"
-Эмч нартай уулзахад сэтгэл зүйн нөхцөл байдал ямар байна вэ?
-Өвдөөд ирсэн иргэд эмч нарыг доромжилдог, загнадаг, сэтгэл зүйн хүнд нөхцөл байдалд оруулдаг. Эмч нар ч гэсэн хүн шүү дээ. Нэг өвчтөн орж ирээд "Намайг авраарай", "туслаарай", "баярлалаа" гэж хэлэхэд л сэтгэл санаа нь их сайхан ажилдаа урам зоригтой ажилладаг. Бид маш нэгдмэл ёс зүйтэй байж энэ өвчний ард гарна. Ард иргэд эмч нар руугаа дайрч дарамт шахалт үзүүлж байна. Одоо бүр сайд нь дугарч чадахаа больчихсон. Яагаад тэр сайд дугарахгүй байгаа юм бэ. Цар тахлын үед эрүүл мэндийн салбар хамгийн түрүүнд дугарах хэрэгтэй шүү дээ. Бид хэцүү нөхцөл байдалд байна. Эмнэлгийн байгууллагын ажилчдыг сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгах нь чухал. Интернет орчинд эмч нарыгаа магтан, сайшаахад л сэтгэл санаа нь сайхан болчихдог юм шүү дээ.
Б.Болортуяа