УОК-ын хуралдаанаар эрүүл мэндийн салбар хүнд нөхцөл байдалд байгаатай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэлэлцжээ.
Эрүүл мэндийн салбар хүнд байгаа тул Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр баригдаж, 2015 онд ашиглалтад орж, үнэ төлбөргүй шилжсэн эрүүл мэндийн цогцолбор, 50 өрхийн орон сууц зэргийг дайчлан төрийн өмчид буцаан авах асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр болжээ. Тус эрүүл мэндийн цогцолбор нь өнөөдрийн ханшаар 100 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр үнэлэгдэх бөгөөд тус цогцолборыг Орхон аймгийн эрүүл мэндийн төвийн мэдэлд зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэлсэн юм.
Тэрбээр "Эрдэнэт медипас" эмнэлэг нь 200 ортой эмнэлгийн барилга байгууламж. 2015 онд 69.9 тэрбум төгрөгөөр баригдаж, 50 айлын орон сууц дэд бүтэц бүхий тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр 18 жилийн хугацаатай гэрээ байгуулж, хувийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг улс аваагүй. Мөн "Эрдэнэт" үйлдвэрээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 12.7 тэрбум төгрөгийг бэлнээр, урьдчилан сэргийлэх үзлэг нэрээр аваад, ашигласан. Орхон аймгийн эрүүл мэндийг салбарыг чадавхжуулах, үнэ төлбөргүй улсын хөрөнгийг шамшигдуулж, онц ноцтой хохирол учруулж, улсад нэг ч төлбөр төлөөгүй байгаа энэ эмнэлгийг улс буцаан авах зайлшгүй шаардлага байна хэмээн УОК үзэж, төрийн өмчийн бодлого зохицуулах газарт дайчлан, буцаан авах асуудлыг тавьсан. Төрийн мөнгийг угааж, өмчийг үнэгүйдүүлж, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн асуудал. Монголд нэг ч гэсэн ор хэрэгтэй. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, буцааж улсад авах ажиллагаа явагдана" гэлээ.