Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Улсын хэмжээнд нийт 27083 ортой. Өнөөдрийн байдлаар бид 21700 орыг ковидын тусламж үйлчилгээнд ашиглаж байна. Орон нутгийн хэмжээнд үндсэн тусламж үйлчилгээ үзүүлэх орны 46,9 хувийг ковидын эмчилгээнд ашиглаж байгаа бол нийслэлийн хэмжээнд 50,3 хувийг ковидын тусламж үйлчилгээнд дэлгэсэн. Үүнээс цааш бид ор дэлгэх боломжгүй. Үүнээс цааш ор дэлгэвэл жирэмсэн эх, гэмтсэн иргэд, хавдартай иргэд зэрэг хүмүүсийн үндсэн тусламж үйлчилгээ алдагдах эрсдэлтэй. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн нийт орны 76,9 хувийг зөвхөн ковидын эмчилгээнд ашиглаж байна. Цаашид бид тусгаарлах байр, зочид буудлуудад ор дэлгэх боломжтой ч тэнд ажиллах хүний нөөцийн хомстолтой байгаа. Эрүүл мэндийн салбар дээд хэмжээндээ тултлаа ажиллаж байгаа. Ард иргэд маань хариуцлагатай байснаар халдвараас сэргийлэх бүрэн боломжтой.
Өнөөдрийн байдлаар нийт 21700 хүний 12000 нь хөнгөн хэлбэрийн хүмүүс байгаа. Үлдсэн 10000 орчим хүн нь хүндэвтэр, хүнд, нэн хүнд хүмүүс байна. Манай улс ор дэлгэн ажиллуулж байгаа бусад орнуудтай харьцуулахад хамгийн өндөр хувьтай байна.
Өчигдөр л гэхэд эмнэлэгт хэвтэж чадаагүй нэн хүнд 200 хүн байсныг эмнэлгүүдэд зохицуулалт хийн татаж авсан. Энэ мэтчилэн эрэмбэлэлтийг маш сайн хийж нэн шаардлагатай, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй өвчтөнгүүдээ эхний ээлжинд эмнэлэгтээ татаж байна" гэв.