Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байгаагийн нэг нь шатахууны асуудал юм. Учир нь ОХУ шатахуун нийлүүлэх гэрээгээ зөрчиж, шатахууны нийлүүлэлтээ бууруулсан тул Засгийн газрын зүгээс БНХАУ-аас шатахуун импортлох ажлыг эхлүүлсэн.
Гэвч БНХАУ-ын “Чайна Ойл” компанитай гэрээ хийж мөнгөө төлөн воганы кодоо авсан боловч ачилтад асуудал гарч байгаа учир АИ92 автобензинийг 5-7 хоногт багтаан импортлохоор ажиллаж байгаа аж.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "шатахуун тасалдуулсан" хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдсэн байна. Тодруулбал, тэрбээр шатахууны асуудлаа цэгцэлж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч чадалгүй иргэдийг хүнд байдалд оруулсан хүмүүст хатуу хариуцлага тооц хэмээн "уурласан" байна.
Тэгэхээр түүний хэлснээр УУХҮ-ийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нар хариуцлага хүлээж огцрох учиртай. Гэхдээ Ерөнхий сайд буруутай хүмүүст хариуцлага тооц хэмээн үүрэгдсэн ч нэр цохоогүй учир хариуцлага хүлээх учиртай Г.Ёндон, Х.Хэрлэн нар доод албан тушаалтнуудаараа "туг тахиад" өнгөрөх магадлал тун өндөр.
Юутай ч бензиний нийлүүлэлтээ тасалдалгүй байлгах арга хэмжээ авч чадаагүй албан тушаалтнууд хариуцлага хүлээх нь.