Өнгөрсөн оны зургаадугаар сард Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч Г амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийг шалгаж, прокурорын байгууллагаас Төв аймаг дахь Cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Ингэхдээ Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод байрлах “Хубилай” баазад батальоны захирагч Б, III мотобуудлагын ротын захирагч Г, ротын сургагч ахлагч С нар бүлэглэн нийт бие бүрэлдэхүүний өмнө Г-г ар гэртээ хов зөөсөн гэх мэтээр гутаан доромжилж, сэтгэл санааны хямралд оруулсны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн, мөн цэргийн дүрмийн бусаар харьцаж зодсон, хүч хэрэглэсэн хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.