Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ц.Даваасүрэн Рио Тинто Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан Ерөнхий захирал С.Мөнхсүхийг хүсэлтийн нь дагуу хүлээн авч уулзав.
Уулзалтаар Рио Тинто Зэсийн группийн захирал Б.Болд, Туркойз Хилл Ресурс компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидал, түүнд холбогдсон асуудлуудын талаар ярилцаж, хоёр талын байр суурийг харилцан илэрхийлэв.
Түр хорооны дарга Ц.Даваасүрэн төслийг цаашид амжилттай явуулахад менежментийн төлбөрт Дубайн гэрээгээр олон улсын 15 банк, санхүүгийн байгууллагаас авсан 6 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар онцлон дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.