Улирлын чанартай томуу, томуу төст өвчлөл олон нийтийн дунд тархах эрсдэлтэй энэ цаг үед хүн амын дундах эрсдэлт бүлгийн иргэдийг энэ сарын 10-наас эхлэн томуугийн вакцинд хамруулж эхлээд буй. Гэвч иргэдийн дунд томуугийн вакцинд хаана очиж, хэрхэн хамрагдах, коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүн ямар заалтаар хийлгэх талаар мэдээлэл хомс байна. Тиймээс энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа.
-Улсын хэмжээнд "Томуугаас сэргийлье" дархлаажуулалтын 10 хоногийн аяныг зарлаад байна. Томуугийн вакцинд иргэд хэр идэвхтэй хамрагдаж байна вэ. Дархлаажуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 2 настай 487 хүүхэд, 3-5 настай 10422 хүүхэд, 6-11 настай 11104 хүүхэд, мөн 37 жирэмсэн эмэгтэй хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, нийт хамрагдвал зохих жирэмсэн эхчүүдийн 0,4 хувь нь вакцинаа хийлгэсэн. Ингэснээр томуугийн вакцинжуулалтад нийт 22050 хүн хамрагдаж, 12,8 хувьтай үргэлжилж байна.
-Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн жирэмсэн эхчүүд ямар заалтаар томуугийн вакцинд хамрагдах вэ. Мөн гуравдугаар тунгаа хийлгэсэн тохиолдолд хэр хугацааны дараа томуугийн вакциндаа хамрагдах боломжтой вэ?
-Ямар ч вакцин хоорондын зай нэг сарын хугацаатай байдаг. Нэг сарын өмнө коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн бол томуугийн вакцин хийлгэж болно.
-Томуугийн дархлаажуулалтын цэгүүдийн байршлын талаар мэдээлэл өгөхгүй юу. Явуулын болон суурин байдлаар ажиллаж байна уу?
-Томуугийн дархлаажуулалтын цэгүүд харъяа дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд байрлаж байгаа. Мөн өрхийн эмнэлгүүд тухайн хариуцсан хорооны нутаг дэвсгэрт байрлах сургууль, цэцэрлэгт очиж нэгдсэн журмаар хүүхдүүдийг томуугийн вакцинд нь хамруулж байна. Хэрвээ цэцэрлэг, сургуульд явдаггүй хүүхэд байвал өрхийн эмнэлэг дээрээ биечлэн очиж вакцинаа хийлгэх боломжтой гэсэн үг.
-Товлолын вакцинаа хийлгэсэн хүүхэд хэр хугацаа өнгөрсний дараа томуугийн вакцин хийлгэх вэ?
-Нэг сарын хугацаа өнгөрсөн бол хийлгэж болно. Товлолын болон томуугийн вакциныг нэг өдөр хийж таарвал тухайн вакциныхаа заалтаас шалтгаалан биеийн хоёр өөр хэсэгт хийж болно. Харин тухайн хүүхэд товлолын вакцинаа хийлгээд нэг сар буюу 30 хоногтоо хүрээгүй байгаа бол хийлгэж болохгүй.
-Томуугийн дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийлгэдэг. Сайн дураар хамрагдах хүсэлтэй иргэд хэр их хандаж байна вэ?
-Одоогоор сайн дураар хамрагдах хүсэлт тийм ч их ирээгүй. Энэ жилийн томуугийн вакциныг анх зарлахдаа 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд хийнэ гэдгээ хэлсэн байсан учраас сайн дураар хамрагдахаар ирж буй хүний тоо харьцангуй бага байгаа болов уу. Коронавирусийн эсрэг вакциндаа ч хамрагдаагүй ээжүүд байгаа шүү дээ. Тиймээс эрсдэлт бүлгийн иргэдээ томуу, томуу төст өвчнөөс хамгаалахын тулд дархлаажуулалт их чухал.
-Энэ жил ямар вакцинаар иргэдийг дархлаажуулж байна вэ. Тухайн үйлдвэрлэгчийн зүгээс ирүүлсэн вакцины эсрэг заалт бий юу?
-Энэ жилийн томуугийн дархлаажуулалтыг БНСУ-ын вакцинаар хийж байгаа. Томуугийн вакцин нь коронавирусийн вакцинтай харьцуулахад олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүн гарчихсан байдаг. Жил бүр улс орнуудад хийгддэг вакцин учраас эсрэг заалт харьцангуй бага байдаг. Ер нь вакцин гэдэг зүйл бол гаднаас биед оруулж байгаа амьд биет учраас өндөгний харшилтай болон өндөр харшлын суурь хүмүүст хийхгүй гэсэн заалттай байдаг. Тухайн хүн харшлын заалтаа багасгаж, эм, эмчилгээ хийлгээд харшилгүй болсон иргэд томуугийн вакцин хийлгэж болно.
-Томуугийн вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Тэгэхээр өрхийн эмч нар маань өөрсдөө газар дээр нь үзлэгээ хийгээд вакцинаа тарьж байгаа юу?
-Өрхийн эмч нар үзлэг хийж, цээжийг нь чагнаж үзэх, бусад шинж тэмдэг юу байна гэдгийг нь тогтоосны дараа томуугийн вакцинд хамруулдаг.
-Вакцины татан авалтыг манай улс хангалттай хийж чадсан уу?
-Улсын хэмжээнд 360 мянган хүн тун томуугийн вакцин татан авсан. Түүний 172200 хүн тунг Улаанбаатар хотын 2-11 настай болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхээр болсон. Томуугийн дархлаажуулалтын арав хоногийн аяныг зарласан байгаа тул энэ хугацаанд өрхийн эмч нар маань амралтын өдрүүдэд ч ажиллана.
-Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүн ямар заалтаар хамрагдах боломжтой вэ?
-Коронавируст халдварын хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэрсэн хүн 1 сар, харин хүндэвтэр хэлбэрээр өвдөөд эдгэрсэн тохиолдолд хоёр сарын дараа томуугийн вакцин хийлгэх боломжтой.