МУГТ, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр шигшээ багаас хөөж, ирэх аравдугаар сард зохион байгуулагдах ДАШТ-ий эрх авах сорилгод оролцуулахгүй хэмээн шийдвэрлэснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ингэхдээ Э.Цэндбаатарыг энэ сарын 5-ны шөнө болсон зодооны асуудлаас үүдэн удаа дараа хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн холбооны зүгээс мэдээлж байсан юм.
Тодруулбал, Монголын боксын холбооны бага хурлын дараагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "New work" ресторанд боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулсан. Тэгвэл Э.Цэндбаатарын зодуулсан асуудалд цагдаагийн байгууллагаас хэрхэн ажиллаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тодруулахад "Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, гэмтлийн зэргийг тогтоосны дараагаар Эрүүгийн хэрэг үүсгэх үү гэдэг нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, гэмтлийн зэрэг хүнд, хөнгөн байхаас шалтгаална" гэлээ.