Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орлогч Ж.Сандагсүрэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон Орос сургуулийн хүүхдүүдийг гадуурхаж, Кембриджийг үгүйсгэв үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 25 секунд

Хотын зарим орлогч нар ойрын өдрүүдэд сошиал орчинд орохдоо жаахан "буруу хөл" дээрээ орж зогсчихоод гарах хаалгаа мэдэхгүй баахан загнуулж байх шиг. Хэд хоногийн өмнө Б.Одсүрэн орлогч хүүхдийн тоглоомын өнгийг бэлгийн өөр чиг хандлага руу уруу татлаа гэж эндүүрээд, автобусан дээр наалттай байсан бусдын эд хөрөнгийг "хүчээр" хуулж хаясан. Тэр байтугай хүүхдийнхээ тоглоомыг хүртэл гаргаж хаясан зохисгүй үйлдэл гаргасан. Шанд нь олон нийтэд "хүний эрхийн мэдрэмжгүй" хэмээн цоллуулав.

Тэгвэл өчигдөр орой түүний "шийрийг" хатааж хотын нөгөө орлогч Ж.Сандагсүрэн нь "Тусгай сургуулийг зогсооно. Ямар ч Кэмбриж, Орос сургууль байхгүй" хэмээн даналзаад жиргээчдэд ам руугаа баахан "алгадуулав". Ичсэндээ ч юм уу, уурласандаа ч юм уу бүү мэд жиргээгээ устгачихсан. Ж.Сандагсүрэн орлогч яагаад ийм жиргээ хийж сошиал орчинд сонин байр суурь илэрхийлэв. Энэ үг үйлдэл зөвхөн түүний үг үү, Д.Сумъяабазарын удирдаж буй нийслэлийн хотын удирдлагуудын боловсролын салбарт барьж буй бодлого уу. Одоогоор хэлж мэдэх юм алга.

Харин жиргээг нь үг, агуулга бүрээр нь харвал "зогсооно", "байхгүй" хэмээх хоёр үгээр ямарваа нэгэн шийдвэр гаргахаар шийдсэн өнгө аястайгаар бичжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлээс тусгай хэрэгцээт сургууль буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг 6 сургууль, Кембриджийн сургалттай төрийн өмчийн гурван ЕБС, Орос сургалттай "Орос 3 дугаар сургууль", "Г.В.Плехановын нэрэмжит орос сургууль" зэрэг сургуулиудын хаалга үүдийг хааж мэдэх юм. Үнэхээр Ж.Сандагсүрэн орлогчийн хэлсэн шиг шийд хотоос гарч, уг асуудлыг бодлогын түвшинд ярих гэж буй бол асуудал жинхэнээсээ "ургаж", хэрүүл утгаараа "ундарна".

Улсын хэмжээнд гарвын арван хуруунаас цөөхөн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурдаг сургууль бий. Үүнийг нь Ж.Сандагсүрэн дарга хаачихвал тэр хүүхдүүд хаана сурч боловсрох вэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд сургаж нийгмээс, бусад хүүхдүүдээс тусгаарлахгүй байх бол уг нь зөв. Гэхдээ тэгш хүртээмжтэй байдлаар энгийн сургуульд сургах боломж нөхцөлөө Ж.Сандагсүрэн дарга тэргүүтэй дарга нар өнөөдөр бий болгож чадсан байгаа бил үү гэдгээ эхлээд бодох нь учиртай.

Өнгөрсөн хугацаанд өчнөөн хөрөнгө мөнгө зарсаар арай гэж хэдэн сургуулиудад Кембридж гэх олон улсын жишиг болсон "айхтар" хөтөлбөрийг нутагшуулсан. Засгийн газар, Боловсролын яамнаас өчнөөн хөрөнгө мөнгө, хүн хүч зарсан ажлыг нь нийслэлийн ганцхан дарга салхинд хийсгээд хаалга үүдийг нь хааж болохгүй. Нэгэнт энэ хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулж буй төрийн хэдийг нь хаахаар болбол Кембриджийн сургалттай Орчлон, Сэлбэ тэргүүтэй хувийн хэд нь ч дагаад Ж.Сандагсүрэн даргаар хаалгаа цоожлуулна гэсэн үг. Үгүй бол хөтөлбөрөө өөрчилж, жинхэнэ Монгол цөм хөтөлбөрөөр хүүхдүүдээ сургаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад дампуурах сонголт тэдэнд үлдэх байх.

За, үүний араас жинхэнэ хэрүүлийн "алим" биднийг хүлээж байна. Тэр нь Орос сургуулиудыг хаах үйл явц. Дээр дурдсан хоёроос гадна Орос сургалттай хувийн сургуулиуд бий. Эдгээрийг хаана гэдэг нь цаанадаж хоёр орны харилцаанд сэв суулгах, наанадаж тэнд сурч буй хүүхдүүд, ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашгийг зөрчих болно.

Манай хотын орлогчийн хэлсэн үг элдэв хэлбэрэлтгүйгээр биеллээ олбол биднийг ийм л зүйл хүлээж байна. Товчоор бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч боловсрох газаргүй болно. Дэлхийтэй хөл нийлүүлэх гэсэн Кембриджийн хөтөлбөрөө бүгдээрээ мартана. Орос сургуулиудыг хүчээр хаагаад гадагшаа хардаг "цонхоо" бүр мөсөн таглана л гэсэн үг. Уг нь боловсролын салбарын бодлогыг салбар яам нь мэдэж, ирээдүйгээ хэдэн жилээр нь тооцоолдог. Хүн сурч боловсрох эрхтэй, боловсрол эзэмших сургуулиа ч сонгох эрхтэй. Товчхондоо аливаа асуудлыг ярихдаа эхлээд ядаж бага зэрэг судалж, бас мэдэж, ул суурьтай хандаж, хүний эрхийн мэдрэмжтэй байж сурах хэрэгтэй гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч нарт хичээнгүйлэн захья.

Ер нь хотын дарга Д.Сумъяабазар нийслэл үнэхээр эдгээр сургуулиудыг хүчээр хаах гээд байгаа юу гэдгээ, орлогч нь өчигдөр юун тухай бодож байгаад юу биччихээд устгасан гэдгээ тодорхой тайлбарлах нь зүйтэй.

Г.Баяр

Улаанбаатар дахь “Солонгос” орноор аяласан тэмдэглэл
Улаанбаатар дахь “Солонгос” орноор аяласан тэмдэглэл
 
АН:  Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулахыг дэмжихгүй
АН: Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулахыг дэмжихгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.