Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлгийн хурал болон ээлжит бус чуулганы сураг Х.Баттулгаас шалтгаалж цуцлагдах уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 4 секунд

Ардын намынханд өнгөрсөн шөнө их хүндхэн болж өнгөрсөн байх. Намын даргыг нь дарангуйлагч, намыг нь цэрэгжсэн бүтэц хэмээн цоллож тараана хэмээн “цам харайж” явсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэг л орой намын даргад нь зөвлөхөөр болчихсон. Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл гэж нэрлэгдсээр ирсэн Б.Долгион хүртэл Ерөнхий сайдад нь зөвлөхөөр болчихов.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр хоногийн дараа буюу есдүгээр сарын 2-ны өдөр УИХ дахь бүлгийн хурлаа хуралдуулахаар төлөвлөж байсан эрх баригчид зарласан хурлаа хийх эсэхээ ч мэдэхээ байчихлаа. Намын тараана гэсэн нөхрийг намын дарга нь багтаа авсан нь битүүхэн өрнөж байгаа МАН-ын “зодоон”-ыг гудамжинд ил цагаан гаргаж мэднэ. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатараас эхлээд “Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг дээ” хэмээн намын дарга, удирлагуудынхаа эсрэг үгийг чулуудаж эхлэв. Хэзээ, яаж, ямар шалтгаанаар “хөдөлж” эхлэх учраа олохгүй байсан 70-аад он болон гомдогсдын төлөөлөл үүн дээр дөрөөлөн босох магадлал өндөр. Тиймээс гайхаж, бухимдсан гишүүдийг яаран нэг дор цуглуулах нь эрсдэлтэй байж мэднэ.

Уг нь бүлгийн хурлыг зарлаж хуралдуулах шалтгаан нь ээлжит бус чуулганыг ирэх сарын 20-нд зарлан хуралдуулах зэрэг асуудлыг хэлэлцэх гэж байсан. Ээлжит бус чуулганаар эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгаа “аврах” төлөвлөгөөг хэлэлцэнэ гэх боловч Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж магадгүй гэж улс төрийн хүрээнийхэн тааварлаж байв.

Тодруулбал, Засгийн газрын бүтэц гэдэг нь шинээр нэмэгдэх хоёр яамны бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан тул Засгийн газраас хуулийг төсөл өргөн барьж батлуулах. Мөн Эдийн засгийн хөгжлийн яам болон Цахим хөгжлийн яамны удирдлага бүтцийг УИХ, Засгийн газраар оруулж батлуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн дээр нь нэмээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шүдний өвчин” болоод буй хэдэн хэдэн сайдуудыг асуудлыг ч урьдчилан хэлэлцэж магадгүй гэнэ. Учир нь АН-ын санаачилсан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурах гишүүдийн тоо 19 болж, чуулганаар уг асуудлыг хэлэлцэх эрсдэлтэй. Үүнээс нь урьтан хэл ам таталж, асуудалд орооцолдоод буй Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Шадар сайд С.Амарсайхан зэрэг нөхдүүдийг өөрчилж оронд нь шахалт үзүүлээд буй гишүүдээс болон хүмүүсээс нь тавих тохироог ээлжит бус чуулганаар хийж мэдэх аж.

Энэ нь Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхөөс нь түрүүлж танхимдаа хариуцлагын “салхи” сэвэлзүүлэн нэг удаадаа аюулаас мултрах. Нөгөө талдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргынхаа хувиар “Би иймэрхүү бяртай байгаа шүү” гэдгээ намын нөхөддөө ойлгуулах зэрэг аж. Ерөнхийдөө уг ээлжит бус чуулган нь энэ намар хуралдах МАН-ын Их хурлыг угтсан улс төрийн үйл явц болох шинжтэй байгаа.

Харин өчигдөр болсон томилгооны сураг Ардын намын зарласан бүлгийн хурал болон ирэх сарын сүүлээр зарлаж магадгүй байсан ээлжит бус чуулганы асуудлыг тодорхойгүй нөхцөл байдалд оруулж мэдэх юм.

Ч.Хүрэлбаатар: Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг дээ
Ч.Хүрэлбаатар: Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг дээ
 
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.