Сүүлийн үед иргэд хөрөнгийн зах зээл, койныг их сонирхож байна. Зарим иргэд байр, машинаа зараад койн авна гэдгээ ч цахим хуудсаараа илэрхийлсээр байна. Тэгвэл уг асуудалд "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр манай хувьцаа 7180 байсан бол өнөөдөр 8250-д очсон. Энэ хандлага цаашид үргэлжилнэ. Та бүхэн санаж байвал манай "Ард санхүүгийн нэгдэл"-ийн хувьцаа өнгөрсөн жил 1000 төгрөг байсан. Түрүү жил 1000 төгрөгөөр авсан хүмүүс хувьцаагаа 700 хувийн ашиг хийгээд зарж байна гэсэн үг. Үүнийг банкны хадгаламжтай харьцуулах ёстой.
Монголын хөрөнгийн бирж 30 жилийн түүхэнд анх удаа 6 сарын 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ковидын үед хөрөнгийн зах зээл ингэж идэвхжинэ гэдэг нь маш чухал үйл явдал. Эдийн засгийг сэргээх том алхам. Иргэд маш идэвхтэй арилжаанд оролцсон. Үүний 77 хувийг Ард санхүүгийн нэгдэлтэй холбоотой. Хийж буй ашигийн дийлэнхэд манай компаниуд нөлөөлж чадсан гэсэн үг.
Ард койны ханш 132 байгаа. Хүмүүс үүнийг би 300-гаар, 400-гаар авсан гээд хэлдэг. Би бол аваад дарчих гэж зөвлөнө. Хөрөнгө оруулалт гэдэг нь урт хугацааных байдаг. Дийлэнх хүмүүс үүнийг үнэгүй авсан байдаг. Түрүү жил койн 3 төгрөг байсан бол өдийд 132 болсон. Нэг жилийн дотор 40 дахин өссөн гэсэн үг.
Монголд олон койнууд дагаад гараад ирсэн. Эхэндээ хоцорсон хүмүүс шинэ койн руу ороод Ардкойн шиг ашиг хийчихнэ гэж бодсон байх.
Нэг л зүйлийг хэлмээр байна. Өр тавьж орж болохгүй шүү. Өөрийнхөө хэрэглээг багасгах, амьдралдаа өөрчлөлт оруулах хэмжээнд орж болохгүй. Орчихвол мартаад цаашаа явчих хэмжээнд ороорой гэж зөвлөмөөр байна" гэлээ.