Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөрзамын төсөл хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх томоохон үндсэн шийдлүүдийн нэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 31 секунд

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам" ХХК-д олгосон. Энэхүү барилгын ажлын нээлт өнөөдөр болж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрбээр "Өнөөдөр Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай горимоор эхлүүлж, 3 жилийн хугацаанд ашиглалтад оруулж дуусгахаар төлөвлөж байна. “Богдхан төмөр зам” нь Монгол улсын дэд бүтцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бодитоор бүрэлдэн бий болж, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм.

1954 оны Сайд нарын зөвлөлийн 435 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг батлаж, Нийслэл Улаанбаатар хотод 500 мянган хүн оршин суухаар тооцсон ч өнөөдөр энэ ачаалал төлөвлөснөөс 3 дахин нэмэгдсэн байна. Нийслэл Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч, өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байна. Энэ байдлаас улбаалж өнөөдөр Нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед 8 км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл оргил ачаалалтай үеийн дундаж хурд бараг явган хүнтэй адил түвшинд очсон байна.

Монголд жил бүр 80.000-90.000 автомашиныг бид шинээр худалдан авч байна. Өнөөдрийн нөхцөл байдал цаашид үргэлжилбэл 1-2 жилийн дотор Нийслэл Улаанбаатар хот Тэг зогсолт хийх нөхцөл байдал бодитоор үүсчээ.

Тиймээс ч Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганд “Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй ээ. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ.” гэж хэлж байсныг санаж байгаа бизээ. Хэлсэн үг, дэвшүүлсэн зорилтоо бодитой ажил болгохын тулд Ерөнхий сайд өөрөө биечлэн удирдах 5 Үндэсний хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө багтаж байгаа юм.

Автозамын түгжрэлтэй холбоотой давс мэт шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байгаа нь үнэн. Зарим амаргүй шийдлүүдийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шууд ардчиллын аргыг ч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй юм.

Богдхан төмөрзамын төсөл бол хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх томоохон үндсэн шийдлүүдийн нэг юм.

Богдхан төмөрзам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх 6 зөрлөг, 3 өртөө бүхий бүтээн байгуулалт юм. Мөн 16.6 км 2 туннелийг Монгол улсад анх удаа бүтээн байгуулж байгаагаараа онцлог бөгөөд цаашдын олон томоохон шийдлийн суурь болох юм.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн нэн хүнд үеийг та бид хамтдаа туулж байна. Цаг үе хүнд байгаа ч бид нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, энэ сорилтын даван туулахын төлөө энгийн үеэс илүү хичээх шаардлагатай.

Нийслэл Улаанбаатар хотын шийдэл ч зөвхөн Нийслэлийн Засаг даргаас шалтгаалахгүй, иргэн, аж ахуйн нэгж бүхний идэвхитэй оролцооноос хамаарна гэдгийг Ерөнхий сайдын хувьд онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Богдхан хайрханаа тойрсон Богдхан төмөрзамын түүхэн бүтээн байгуулалт ийнхүү эхлэж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөрзамын бүтээн байгуулалтад оролцсон Зэвсэгт хүчний бие бүрэлдхүүн, Тавантолгой Гашуунсухайтын төслийг амжилттай удирдан хэрэгжүүлж ирсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-д хариуцуулахаар Засгийн газраас шийдвэрлэснийг дуулгахад таатай байна" гэлээ.

Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул Сонгино хайрхан дүүргийн газар нутгийг дамжин, нийт 135,8 км үргэлжлэх юм. Төсөл 6 зөрлөг, 3 өртөө, нийт 16,6 км хоёр хонгил, 1520 мм өргөн царигтайгаар баригдана.

Уг төмөр зам ашиглалтад ороход нийслэлийн авто замын түгжрэл багасч, ажлын байр нэмэгдэн, хүн амын төвлөрөл саарч, улмаар агаар хөрсний бохирдол буурна. Түүнчлэн төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, нийслэл дэх хөдлөх бүрэлдэхүүний чимээ багассанаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. Цаашлаад, Богдхан төмөр замыг түшиглэн хөшигийн хөндийд тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ байгуулж, дэлхийн зах зээлд холбогдон, хүн бүхэнд хүртээмжтэй, чанартай нийгмийн дэд бүтцийн цогц үйлчилгээг үзүүлэх, иргэд амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй шинэ дагуул хотууд байгуулагдаж, хөгжинө.

Г.Лхагвадорж

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт есдүгээр сарын 01-нээс эхэлнэ
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт есдүгээр сарын 01-нээс эхэлнэ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.