"Токио-2020" зуны олимпын наадмаас Монгол Улсын тамирчин Саид Моллай мөнгөн медаль хүртсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газарт гомдсон гэдгээ илэрхийлсэн билээ.
Уг асуудлаар Биеийн тамир Спортын газрын дарга Ц.Шаравжамц мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Энэ удаагийн олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад цол олгохоор болсон. Тодруулбал, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа, Саид Моллай нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгоно. Үүнийг өчигдөр ЕТГ-тай очиж уулзаж шийдвэрлэсэн. Тус тамирчдад байр олгох шийдвэрийг наймдугаар сарын 4-нд шийдвэрлэсэн. Засгийн газрын тогтоолыг харж болно. Байр бэлдэх асуудлыг Хотын дарга Д.Сумъяабазар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болгосон байсан. Энэ сарын 25-нд гардуулж өгөхөөр болсон байсан. Уг мэдээллийг тамирчин болгонд хэлээд байх боломжгүй. Харин холбоодод нь мэдэгдсэн. Эцсийн шийдвэр гартал түрүүлж шийдвэр хэлж болдоггүй. Зарладаггүй. Урьд нь улсаас байр өгч байгаагүй. Хувь компаниуд л өгдөг байсан" гэлээ.