Сурагчийн дүрэмт хувцас, шинэхэн авсан дэгжин хувцсаа өмсөхийг тэсгэл алдан хүлээх хүүхдүүд хичээлийн шинэ жил эхлэх өдрийг хоног тоолон хүлээж буй. Дотооддоо халдвар голомтлон тархаж, дельта хувилбартай нүүр тулсан хүндхэн нөхцөл байдал байгаа боловч хоёр жил гаруйн хугацаанд зогсонги байсан боловсролын салбар үүдээ нээх чухал шийдвэр гаргаад байна. Хэдийгээр цар тахлын эрсдэл хаяанд байгаа боловч боловсролын салбараа орхигдуулалгүй байх нөгөөтэйгүүр хоцрогдолд оруулахгүй байх зорилгоо тэнцвэржүүлэх чухал гэдгийг төр засаг бодолцсон биз ээ. Гэхдээ сургууль гэлтгүй цэцэрлэгүүд тодорхой хязгаарлалт, үе шаттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэхээр цахим бүртгэл хэдийнэ эхлээд байна. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох цэцэрлэгүүд цар тахлын үед эхлүүлэх хичээлийн шинэ жилд ямар бэлтгэл ажил хангаж байгаа талаар бид сурвалжиллаа.
“Эцэг, эхчүүд хүүхдээ зайны бус танхимын сургалтад хамруулах байр суурьтай байна”
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 108-р цэцэрлэг. Хүүхдийн шуугиан үл тасрах цэцэрлэгийн байранд нам гүм ноёрхсоор олон сар өнгөрчээ. Харин удахгүй сурагчдаа хүлээн авах тул цэцэрлэгийн ажилчид бүгд л сэтгэл дээгүүр. Цэцэрлэгийн дотоод засварын ажил дууссан гэдгийг тус цэцэрлэгийн жижүүр хэлж байлаа. Харин багш, ажилчид нэгдсэн байдлаар коронавирусийн шинжилгээ өгөхөөр явсан байв. 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх бэлтгэл ажлын талаар тус цэцэрлэгийн арга зүйч Х.Дугармаагаас тодрууллаа. Тэрбээр “Манай цэцэрлэг 27 багш, ажилчинтай. 4-5 настнуудын цахим бүртгэл эхэлсэн. Ирэх долоо хоногоос багш нар маань ажилдаа орж, сургалтын төлөвлөгөөгөө гаргана. Манайх дөрвөн бэлтгэл анги, хоёр ахлах ангитай байхаар зохицуулалт хийнэ. УОК-оос нэг ангийн дүүргэлт 20-иос илүүгүй байхаар зааж өгч байгаа. Халдвар хамгааллын дэглэмийг ханган ажиллахаар бүхий л бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, гаднаас орж ирэхэд уураар ариутгагч, халуун хэмжигчийг захиалсан байгаа. Багш ажилчид бүгд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан. Шилжиж ирж байгаа болон бусад шалтгаантай 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах чиглэл ирж байгаа. Эцэг, эхчүүдээс хүүхдээ танхимаар хамруулах уу, зайны сургалтад хамруулах уу гэдэг санал асуулгад ихэнх нь танхимаар гэх байр суурьтай байсан” гэлээ.
Бяцхан “сурагчдаа” хүлээн авахаар зэхсэн цэцэрлэгүүд засварын ажлаа эхлүүлжээ
Сүхбаатар дүүргийн 22-р цэцэрлэгийн үүдэнд очиход гадна болон дотоод засварын ажил хэдийнэ эхэлсэн байлаа. Цэцэрлэгийн эрхлэгч эзэнгүй байсан тул цэцэрлэгийн арга зүйч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин арга зүйчийн хэлснээр тус цэцэрлэг үндсэн ангиудаа хуваах шаардлагатай болсон гэж байлаа. Учир нь нэг анги дүүргэлт 20-иос илүүгүй байхаар заасан тул өмнөх жилүүдэд нэг ангид 40 орчим хүүхэд хамрагддаг байсныг хувааж, хүүхдийн бөөгнөрөлийг багасгаж байгаа гэлээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 74-р цэцэрлэг. “Цэцэрлэгийн багш, ажилчид 15.00 цагт рентгэн зураг авхуулахаар явсан, одоогоор эзэнгүй байна” гэх хариултыг жижүүр багш өглөө. Цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлхээс өмнө багш ажилчид үзлэг, шинжилгээ оношлогоонд хамрагдахаар явсан тохиолдол хоёр ч цэцэрлэгт давтагдав. Үүнээс харахад бяцхан "сурагчдаа" хүлээн авахаар зэхсэн цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ.
Эцэг, эхчүүд цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээлэл дутмаг байсаар байна
Цэцэрлэгүүдийн хичээлийн шинж жилийн бэлтгэл ажлыг сурвалжилахаар гурван ч цэцэрлэгийн хаалга татах зуурт “Хүүхдээ яаж бүртгүүлэх вэ” гэх асуулттай эцэг, эхчүүдтэй хэдэнтээ таарав. 4-5 настнуудын цэцэрлэгийн бүртгэл болон хичээллэх нөхцлийн талаар мэдээлэл дутмаг эцэг, эхчүүд байгаа дүр зургийг энэ байдлаас харж болохоор байв. Иймд бид цэцэрлэгийн бүртгэл болон тус асуудлыг тойрсон асуултуудад хариулт өгөх зорилгоор дараах мэдээллүүдийг багцлан хүргэе.
Хэрэв таны хүүхэд таван настай бол хамран сургах тойргийн цэцэрлэгтээ биечлэн хандана
-Бүртгэлгүй буюу цэцэрлэгт явдаггүй байсан дөрвөн настай хүүхдүүд харьяа дүүргийнхээ боловсролын газартай холбогдоод тухайн дүүрэгт энэ хичээлийн жилд хэдэн дөрвөн настай хүүхдийг нэмэлтээр авах боломжтойг тодруулаад тухайн цэцэрлэгт нэмэлтээр дөрвөн настай хүүхэд авах орон тоо бол цэцэрлэг дээр нь очоод бүртгүүлэх боломжтой.
-Хичээлийн жил Улаанбаатар хотын хэмжээнд 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулна. Ээлжийн багштай болсноор цэцэрлэгийн эхлэх болох тарах цагийн хуваарьт өөрчлөлт орох юм.
-Сонгогдсон цэцэрлэгийн хүүхдүүдийг аав ээж нь өглөө 07:00-09:30 цагийн хооронд хүргэж өгөөд орой хүргэж өгсөн цагаас хамааран 17:30-20:00 цагийн хооронд авна.
Хүүхдүүд заавал цагаан хорхой, болон шээсний шинжилгээ өгсөн байна
-Цэцэрлэгийн орчинд хүүхдийн шүдийг угаалгахгүй. Гэртээ шүдийг нь угаалгана.
-Дөрөв болон таван настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн есдүгээр сарын 1-нээс танхимын сургалтад хамруулна. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна.
-Хоёр болон гурван настай хүүхдүүдийг халдварын эрсдлийн үнэлгээ хийгдсэний дараа ямар үе шаттайгаар хэрхэн цэцэрлэгт нь хамруулах талаар тухайн үед нь шийдвэр гаргаж ажиллана.
-Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ. Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжинд 3 сар хэрэглэх байдлаар бэлтгүүлнэ.
Нэг хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ
Дараах тохиолдолд хичээлийг зайн сургалтад шилжүүлнэ.
-1 ангид 1 хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ.
-Тухайн давхарт 3 бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана.
-Өөр хоорондоо хамраалгүй байршилтай 3 болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ.
Ц.Янжиндулам