Цэцэрлэг сургуулиа хараад зөрөхөөс хэтэрдэггүй байсан хүүхдүүд есдүгээр сарын 1-нд хичээлдээ очих нь. Тэдний хувьд дүрэмт хувцсаа өмсөж, сургуулийн зүг алхана гэдэг юу юунаас ч илүү догдлол хүлээлтийг үүсгэж байгаа нь гарцаагүй. Гэвч хүүхэд багачуудын хүлээлтээс давсан асуудлууд эцэг, эхчүүдийн дунд үүсч эхэллээ.
Өнгөрсөн жил хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй гэх шийдвэр олны шүүмжлэлийг дагуулсан ч төрөөс цаг оройтсон шийдвэрээ эргэн харсанаар намжиж байв. Гэтэл энэ жил сургууль, цэцэрлэгтэй холбоотой асуудал дахин хөндөгдөж байна. Өчигдөр Засгийн газраас Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг цахим, танхим хосолсон хэлбэрээр хичээллэх шийдвэрийг гаргалаа. Харин 2-3 настнуудын асуудал аравдугаар сар хүртэл “моодонд” орж ирэхгүй гэдгийг ч салбарын сайд нь хэлж орхисон. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан танхимын сургалтыг орхигдуулахгүй байх шийдвэрийг нь олон нийт хүндэтгэж байгаа хэдий ч нөгөөтэйгүүр Боловсролын яам өнөөгийн нийгмийн бодит байдалд зохицохуйц, хөрсөн дээр буусан саналыг гаргаж чадсан уу гэдэг эргэлзээтэй.
Үр дагавар, ач холбогдолгүй шийдвэр гэж байхгүй ч түүний ард ямар асуудал үүсч байна вэ гэдгийг бодолцох нь зүй. Хоёр жилийн хугацаанд Боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа цахимд шилжүүлснээс сурагчдын 80 орчим хувь нь хичээлийн хоцрогдолд орсон. Иймдээ ч цар тахлын нөхцөл байдалтай дасан зохицож амьдрахаас өөр сонголтгүй гэж байсан салбарын сайд маань танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэх нь эрсдэлийг багасгаж байгааг онцолсон. Энэ шийдвэрийг иргэд танхимын тав хоногт коронавирус “амарч”, цахим хичээлийн үед “сэрдэг” болжээ гэх хөнгөхөн маазрал дунд хавчуулаад авна лээ.
Маазрал хэдий ч бодит байдал дээр тулгарч буй асуудал нь үнэн. Тухайлбал, хоёр настнуудаа хаана үлдээх вэ гэдэг асуудал энд хөндөгдөх нь зүй. Зарим эцэг, эхчүүдийн дунд асрагч авах уу, аав, ээждээ үлдээх үү, эсвэл ажлаасаа гарах өргөдлөө өгчихсөн нь шулуухан уу гэх яриа өрнөсөн талаар цахимд нийтэлжээ. Чухалчлан үзвэл, өнөөдрийн нийгэмд асрагч хөлслөх чадамжтай гэр бүл тийм ч их биш. Нөгөөтэйгүүр өвөө, эмээгийнх нь гар дээр хүүхдээ үлдээх боломжтой эцэг, эх хэд вэ. Түүнээс давсан нэг асуудал бол өрхийн санхүүгийн орлого буурсан энэ үед цаг минуттай уралдан хэдэн “цаас” олохын төлөө хөдөлмөрлөж буй гэр бүлийн хэн нэг нь хүүхдээ харахын тулд ажлаасаа гарах шаардлагатай болж байгаа юм. Энэ мэт наад захын асуудлууд хоёр настнуудын тодорхой бус шийдвэр дээр асуулт болон хөвөрч байна.
Энд хөндөгдөх асуудлыг хамгийн энгийн хэд хэдэн жишээгээр өгүүлье.
-Манай гэр бүл хоёр хүүхэдтэй гэж бодъё. Том нь зургаан настай, нэгдүгээр ангийн сурагч. Харин бага нь гурван настай. Нөхөр, бид хоёр хоёул төрийн албан хаагч. Хоёр настай охиноо цэцэрлэгт нь хэзээ өгөх нь тодорхойгүй учраас хэнд үлдээх вэ гэдэг асуудал тулгарна. Зургаан настай хүүгийнхээ цахим хичээлийн тав хоногт бидний хэн нэг нь гэрээсээ ажиллах шаардлагатай болж байна. Учир нь зургаан настай хүүхдээ гурван ойтой дүүтэй нь цуг хоёулхнаа үлдээхэд түүнээс хальсан санаа зовинол дунд ямар ч эцэг, эх ажлаа хийж чадахгүй.
-7-8 насны нэг хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй/эрэгтэй хүүхдээ цахим хичээлийн тав хоногт эмээ өвөөд нь үлдээх боломжгүй хол амьдардаг. Тэгвэл өрхийн орлогын эх үүсвэрээ ганцаараа үүрч буй энэ нөхцөлд цахим хичээлийн тав хоногт ажлаа хэрхэн зохицуулах тал дээр асуудал тулгарна. Гэрээсээ цахимаар ажиллах аль эсвэл ажил руугаа хүүхдээ дагуулж явахаас өөр сонголтгүй. Нөгөөтэйгүүр, энэ тохиолдолд хэрэв ажлаасаа гарчихвал тухайн гэр бүлийн өрхийн орлого тасрах эрсдэлтэй.
Эцэг, эхчүүд ч тав хоног танхимаар, тав хоног цахимаар ажиллах уу, Боловсролын сайд аа
Хичээл сургууль орох, орохгүй гэх шийдлийн цаана эцэг, эхчүүдэд тулгамдах асуудлыг ч орхигдуулахгүй байх нь зөв. Гэвч одоогоор төр засгаас өгч буй шийдвэр нь эцэг, эхчүүдийг сонголтгүй сонголтын өмнө аваачаад байгааг бэлхэн байгаа хэдхэн жишээнээс харж болохоор байна.
Хэрвээ 2021-2022 оны хичээлийн жил 5:5 харьцаатайгаар хичээллэх гэж байгаа бол эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ адилхан тав хоног цахимаар, тав хоног танхимаар ажиллах шаардлагатай болж байх шиг. Гэхдээ тав хоног цахимаар ажиллуулах боломжтой, түүнийг хүлээн зөвшөөрдөг байгууллага манай улсад хэр их вэ. Энэ тогтолцоонд зориулж улс даяар албан байгууллагуудад нэг шийдэлд хүрч ажиллах ёстой болох нь. Харин түүний гаргалгааг анхнаас нь хөрсөн дээр буусан шийдвэр гаргаагүй төрийн түшээдээс нэхээд нэмэр байгаа болов уу.
Шийдэмгий сайдын “Зориггүй” шийдвэр
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан томилогдсон цагаасаа эхлэн хийж буй ажлуудаараа олны талархлыг хүлээж, рейтинг өндөртэй яваа нэгэн. Тэрбээр хичээл сургуулийн асуудал хөндөгдөж эхлэхээс ч өмнө хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол их байгаа тул зоригтой шийдвэр гаргаж, цар тахалтай дасан зохицож амьдрах цаг ирсэн хэмээн хэлж байсан.
Харин цаг тулсан энэ үед Засгийн газарт өргөн барьсан салбарынх нь санал бодит байдалд нийцэхгүй, ар араасаа цувсан олон асуудлыг дагуулж байгааг энд уламжилъя. Нэгдүгээрт, 2-3 настнуудын цэцэрлэгийн асуудлыг эрт шийдвэрлэх. Хоёрдугаарт, Ерөнхий боловсролын тэр тусмаа бага ангийн хүүхдүүдийн цахим хичээлийн тав хоногт эцэг, эхийн ажил, үүргийн хуваарьтай хэрхэн нийцүүлсэнээ эргэн харах үлдлээ, эрхэм сайд аа....
Ц.Янжиндулам