Эко амьдрал, минималист амьдрал гэх зүйл хэдийнээ бидэнд танил болжээ. Эко амьдралын хэв маягийг эрхэмлэгч олон мянган гэр бүл, ялангуяа ээжүүд сүүлийн жилүүдэд маш олноор нэмэгдсэн. Үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхан, эрүүл мэндийн төлөө эко амьдралын хэв маягийг бий болгож, хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж яваа мянга мянган ээжүүдийн төлөөлөл Zulaa’s hand made пэйжийн үүсгэн байгуулагч Т.Наранзултай ярилцлаа.
-Цахим сүлжээг идэвхитэй ашигладаг эмэгтэйчүүд өөрийг тань их сайн танина. Эко амьдралын хэв маягийг олон хүнд суртачлахын дээр лаа хийдэг гэдгээр нь андахгүй байх. Тиймээс ярилцлагаа эко амьдралын хэв маяг гэж юу болох талаар эхлүүлье гэж бодлоо?
-Эко амьдралын хэв маяг гэдэг бол бидний өдөр тутамдаа эдэлж, хэрэглэж байгаа бүхэн байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүйн дээр бидний эрүүл мэндэд аюулгүй байхыг хэлж байгаа юм. Нэг талаасаа тухайн хүнд өөрт нь ч тустай, нөгөө талаасаа хүрээлэн буй орчинд ч ээлтэй.
-Хүмүүс эко амьдралын хэв маягийг бий болгохоор зорилт тавьдаг ч хэд хоноод хаячихдаг шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Эко амьдралын хэв маягийг өдөр тутмын амьдралдаа бий болгохын тулд бага багаар эхлэх хэрэгтэй. Шууд л өнөөдөр эко амьдралтай болно гэвэл бүтэхгүй зүйл. Хамгийн наад зах нь гялгар уутны хэрэглээг хязгаарлаж, даавуун ууттай болох нь зөв.
Эмэгтэй хүн бүр, ялангуяа ээжүүд үргэлж үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө амьдралын эрүүл хэв маягийг сонгодог. Тиймээс ч эко амьдралын хэв маягийг сонгох эхний алхам нь гэр бүлийн маань эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Ямар ч хүн хүүхдээ өвдөөсэй гэж хүсдэггүй шүү дээ. Ийм ч учраас эко амьдралыг бий болгохын тулд тууштай байх нь хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж байна гэсэн үг.
-Эко байхын ач тусыг хуваалцвал?
-Хүн эко амьдралтай болохоороо бүгдийг өөрөө хийх сонирхолтой болчихдог юм билээ. Тухайлбал, гэрийнхээ ширээ сандлаас эхлүүлээд хана таазыг ч мөн засаад янзалчихдаг. Үүнээс гадна минималист амьдралыг ч эрхэмлэдэг болчихдог. Өмнө нь хэт гял цал зүйлд дуртай байсан бол одоо энгийн хэрнээ чамин зүйлд дуртай болсон. Дээр нь чухал хэрэгцээтэй зүйлсээ худалдан авах чадвар суучихдаг юм билээ. Мөн мист, тос гээд гоо сайхны бүтээгдэхүүнээ ч өөрөө хийгээд хэрэглэчихдэг.
-Маш олон ээж аавууд таниас үлгэр дуурайлал авдаг байх. Хамгийн тод жишээ гэвэл хүүдээ хөдөлмөрийн амтыг мэдэрч үзэг гээд лаагаа заруулсан байна лээ?
-Тийм ээ. Миний хүү одоо 14 настай. Үеийн хүүхдүүд нь бараа зар гэвэл ичих байх. Харин миний хүү огт тэгээгүй. Харин ч хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгочихсон, мөнгө ургаж биш хөдөлмөрөөс үүсдэг гэдгийг мэдэрсэн байна лээ.
Бас би хүүгээ одооноос сайн хүн болгож төлөвшүүлэхийн тулд гэрийн ажлыг ч хийлгэдэг. Бусад хүмүүс ялангуяа хүүгээрээ гэрийн ажил хийлгэдэггүй, уламжлалт сэтгэглгээтэй байдаг шүү дээ. Харин би түүнээс тэс өөр хандлагатай байдаг.
Учир нь хүүхэд багаасаа төлөвшсөн төлөвшлөөрөө том хүн болдог. Тиймээс эцэг эхчүүд маань үр хүүхдийнхээ боловсролд анхаарахаас гадна эрүүл мэнд, хүмүүжилд нь илүү анхаарах хэрэгтэй.
-Таны хувьд өмнө нь гоо сайхны чиглэлээр ажилладаг байсан юм билээ. Тэгвэл хэзээнээс эхлэн лаа хийх болов, гоо сайхныхаа ажлыг орхичихсон гэсэн үг үү?
-Хоёр жилийн өмнөөс лаа хийж эхэлсэн. Хүүхэд байхаасаа л лаа хийж сурахыг их хүсдэг байсан. Учир нь дээр үед эмээ маань маш их зул өргөдөг байсан юм. Эрт үеэс манайхан галын дөлнөөс энэерги авдаг гэлцдэг байсан учраас галын дөл үргэлж асааж байх нь чухал юм байна гэж бодох болсон.
Харин гоо сайхныхаа ажлыг цар тахлаас үүдэн түр хугацаанд орхичихсон байгаа. Цаг сайхан болохоор эргэн ажилдаа орно оо.
-Хүмүүсийн хандлагыг ажиглахад үнэр, өнгөтэй лаанд их татагддаг юм байна лээ?
-Анх би ч мөн адил үнэртэй лаанд их дуртай байсан. Хортой гэдгийг нь төдийлөн мэдэхгүйн улмаас гоё өнгө үзэмжтэй, шилэн савтай гээд маш их үнэтэй лаа авдаг байсан. Тэр нь эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй байсан учраас өөрөө лаа хийж сурах нь зөв юм байна, мөн эрүүл, аюулгүй, хүний биед хор нөлөөгүй лаа хийж сурах хэрэгтэй юм байна гэж бодсоны үндсэн дээр лаа хийж сурсан.
-Миний хувьд үнэртэй лааг хор нөлөөтэй гэдгийг төдийлөн мэддэггүй байсан юм байна. Яагаад үнэртэй лаа нь хүний биед хортой байдаг юм бол?
-Лааны вакс гэдэг нь дотроо төрөл бүр байдаг. Ихэвчлэн прафин агуулсан байдаг. Энэ нь хүний биед ихээхэн хортой бодис. Миний хувьд аль болох хоргүй, солонгос вакс ашиглахыг хичээдэг. Тэр нь шар буурцагийн тос агуулсан байдаг ба прафин агуулаагүй байдаг.
-Аль болох эрүүл, аюулгүй, эко бүтээгдэхүүн хийхийг хичээдэг юм байна. Энэ ч мөн таны эко амьдралын хэв маягтай салшгүй холбоотой байх?
-Тийм шүү. Намайг бага байхад эмээ маань даавуун уутаа оёод хэрэглэдэг байсан юм. Миний суурь хүмүүжил эмээтэй маань салшгүй холбоотой. Эко хэв маягийг ч эмээгээсээ суралцаж хүмүүжсэн. Тийм болохоор хийж байгаа лаанууд маань ч эко байх хэрэгтэй шүү дээ.
Би ихэвчлэн захиалгаар лаагаа хийдэг. Хийдэг лаануудаас маань хамгийн эко нь арцтай лаа. Мөн бусад лаа маань ч хүний биед сөрөг нөлөө багатай, эфирийн тостой лаанууд байдаг.
-Зарим хүмүүс лааны үнэ цэнийг төдийлөн мэддэггүй байх. Үүн дээр өөрийн байр сууриа хуваалцаач?
-Хүмүүс гадуур зарагддаг хямдхан, гөлгөр лаанд их дуртай байдаг шүү дээ. Гэвч тэдгээр лаа нь хүний биед маш их хор хөнөөлтэй. Тиймээс хүмүүс бүх лааг адилхан гэж боддог бол тэр бодлоосоо салах хэрэгтэй.
Нэг хэсэг нь дээрх шиг хандлагатай байдаг бол нөгөө хэсэг нь эсэргээрээ. Бүр надаас тогтмол лааг маань худалдаж авдаг бүсгүй лаануудаа цуглуулдаг цуглуулгатай болчихсон байна лээ.
Ер нь л лаанаас ямар нэг мэдрэмж, таашаал авахыг хүсч байгаа бол лааны үнэ цэнийг мэдэрдэг болох нь чухал. Ганцаараа байхдаа лаагаа асаагаад бясалгавал маш амар тайван байдлыг мэдэрч чадна. Бүр галын дөлийг нь ширтэхэд ч амар амгаланг мэдрэх бүрэн боломжтой.
Дээр нь лааны тухай ярьхад галын аюулгүй байдал хамгийн чухал. Аль болох төмөр саван дээр тавих, хөшиг, хана зэргээс хол байлгах хэрэгтэй.
-Лаа хийхийг хэрхэн сурсан юм бол?
-Ерөнхийдөө бол биеэ дааж хийж сурсан. Анх “Nandin DIY” гэсэн дэлгүүрээс ном болон хэрэглэгдэх бүтээгдэхүүнээ аваад сурч байсан. Учир нь сонирхолдоо дэндүү хөтлөгдөөд, дээр нь маш их дуртай байсан болохоор дэлгүүрийнхээ эгчээс зөвлөгөө аваад лаагаа хийж эхэлж байсан юм.
-Аливаа зүйлийг хийхийн тулд тууштай байдал, сонирхол маш их чухал байх тийм үү?
-Тийм шүү. Лаагаа хийгээд сууж байхдаа бараг л ертөнцөөс тасарчихдаг. Бухимдсан, стресстсэн үедээ лаагаа хийгээд суухаар маш их тайвширлыг мэдрэхээс гадна хийсэн лаагаа харахад сэтгэл сэргээд л явчихдаг юм. Энэ байдалдаа маш их дуртай, лаа хийх туйлын сонирхолтой учир одоог хүртэл огт тасралтгүйгээр лаагаа хийгээд явж байна.
-Цар тахлын нөлөөнөөс үүдэн хил гаалийн асуудал мундахгүй байна. Материалын үнэ, тээврийн зардал нэмэгдээд байгаа шүү дээ. Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлж байна?
-Мэдээж нөлөөлөлгүй яахав. Өмнө нь бүтээгдэхүүний зардал арай хямд төсвөөр бүтчихдэг байсан бол одоо нэмэгдсэн байгаа. Мөн дээр нь шил, сав, баглаа боодлын үнэ ч өссөн байна лээ.
-Та лаа хийж сурахыг хүссэн хүмүүст өөрийн туршлагаасаа харамгүй хайрладаг шүү дээ. Тэдгээр хүмүүст хандаж юу хэлэхийг хүсч байна?
-Ер нь лаа гэлтгүй өөр ямар ч зүйл хийхийг хүсч байгаа бол интернэттэй нөхөрлө. Одоо хийж сурахыг хүссэн бүх зүйл байдаг болчихсон. Дээр нь хэрэглэгдэх материалууд ч хангалттай их. Тийм болохоор хийж чадах болов уу үгүй болов уу гэж эргэлзэж сууснаас нэг ч удаа болов оролдоод үзэх нь чухал.
-Та цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Миний мөрөөдөл, зорилго бол өөрийн гэсэн лааны салонтой болох. Түүнээс гадна давхар гоо сайхны бүтээгдэхүүн хийе гэж боддог юм. Эссенз, нүүрний тос гээд аль болох эко бүтээгдэхүүн хийхийх хүсдэг. Гэвч заавал компани байгуулж байж гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм байна лээ.
-Ярилцлагаа энд хүргээд дуусгая, баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.