“Токио-2020” олимпын наадмын хоёр дахь өдрийн уралдаан, тэмцээнүүд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өнөөдөр /2021.07.30/ манай улсын баг тамирчид буудлага, жүдо, усан сэлэлтийн төрлүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорьлоо.
Ингээд өнөөдөр /2021.07.30/ болж өнгөрсөн Монголын баг тамирчдын тэмцээний талаарх тоймыг та бүхэндээ хүргэж байна.
Өнөөдөр МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Анударь нар хурдан буудлагын төрөлд өрсөлдсөн бол эрэгтэйчүүдийн жүдо бөхийн +100 кг жинд жүдоч А.Дүүрэнбаяр барилдав. Харин энэ олимпын хамгийн сенсаци дагуулсан төрөл болох усан сэлэлтийн баг тамирчид маань тэмцээндээ оролцлоо.
МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Анударь нар тэмцээнээ өндөрлүүлэв
“Тэр хийх ёстойгоо хийсэн хүн” гэх талцал хуваагдлаар дүүрэн тэмцээнүүдээ өндөрлүүлсэн хүн бол долоо дахь олимпдоо онч мэргэнээ сорьж буй МУГТ О.Гүндэгмаа билээ. Тэрбээр Бээжингийн олимпоос буудлагын төрлөөр мөнгөн медалийг эх орондоо авч ирснээсээ хойш спортоо орхилгүй үргэлжүүлж буй чансаатай тамирчдын нэг юм. Тэгвэл түүний хувьд өнөөдөр хурдан буудлагын төрөлд оролцож 295 оноо авч, нийт 578 оноотой болсоноор байр урагшлан 26-р байрт шалгарсан юм.
Харин анхны олимпдоо оролцож залуу хэр хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлаад авсан Ц.Анударийн хувьд өчигдөр 287 оноогоор 29-д жагсаж байсан бол өнөөдөр хурдан буудлагын төрөлд 285 оноо авлаа. Ийнхүү нийлбэр дүнгээр 572 оноотой болж 35-р байрт жагссанаар хоёр тамирчин маань олимпоо өндөрлүүллээ. Ийнхүү Монгол улсын буудлагын багийн баг тамирчид Токиогийн олимпоос медаль хүртэж чадсангүй.
Ө.Дүүрэнбаяр хэсгийн эхний барилдаандаа ялагдал хүлээлээ
Монголын Улсын төрийн далбааг барин, олимпын наадамд алхсан ОУХМ жүдоч Ө.Дүүрэнбаяр өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг жингийн төрөлд хэсгийн эхний барилдаанөө хийлээ. Тэрбээр Узбек Улсын бөх Бекмурод Олтибоевтой таарч ялагдал хүлээсэн юм. Дүүрэнбаяр өмнө нь энэ жүдочинд нэг ялагдаж байсан удаатай. Олимпын дэвжээнд дахин таарсан хэдий ч энэ удаа даагаа нэхэж чадсангүй. Түүний хувьд маргааш болох багийн барилдаанд хүч үзэх магадлалтай байна.
Энэ удаагийн олимпын наадамд жүдо бөхийн тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ. Харин түүнд эх орондоо дөрөв дэх медалийг авч ирэх болтугай хэмээх иргэд ч хүлээлт одоо ч байсаар байна.
Б.Энххүслэн улсын рекорд тогтоож, М.Дэлгэрхүү өмнө тогтоосон үзүүлэлтдээ хүрч чадсангүй
Монгол улсын рекордыг 33 удаа эвдэж байсан ОУХМ Б.Энххүслэн олимпын цэнхэр замд улсын рекордыг шинэчлэн тогтоож чадлаа. Түүний хувьд эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрлийн урьдчилсан шатад 81 тамирчнаас 27.29 секундийн үзүүлэлтээр дөрөвдүгээрт бичигдэж чадлаа.
Олимпийн наадамд уралдана гэдэг сэлэгч бүрт олдоод байдаггүй ховорхон боломж. Тэгвэл олимпод хурд сорих энэхүү ховорхон агшиндаа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтооно гэдэг онцгой мөч байсныг энд дурдах нь зүй.
Усан бассейн хаалттай байгаагаас голд олимпын бэлтгэлээ хийж байгаа талаарх мэдээллээр олны анхаарлыг татсан хүн бол Олон улсын хэмжээний мастер М.Дэлгэрхүү юм. Түүний хувьд өнөөдөр 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн тав дахь гараанд хурд сорьж, 24.63 секундын амжилт үзүүлж, наймдугаар байрт бичигдлээ. Тэрбээр 2019 оны ДАШТ-д энэ зайг 23.93 секундэд туулж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Гэвч энэ удаа тэрхүү үзүүлэлтдээ хүрч чадсангүй.
Энэ төрлийн урьдчилсан шатны уралдаан үргэлжилж байна. Дэлгэрхүүгийн уралдсан зайд 73 тамирчин хурд сорьсон билээ. Ийнхүү сэлэлтийн багийн тамирчид амжилттайгаар урьдчилсан шатны тэмцээнээ дуусгалаа.