Өнөөдөр бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж байна. Бензиний үнэ нэмэгдэхээр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг зарчимтай. Цахим орчинд бухимдсан ард түмний " Худлаа гэж хэлээч" "Бид яаж амьдрах юм бэ" "Бензиний үнэ нүдэн дээр нэмэгдчихлээ. Өрөөсөн бөөрөө зарж бензин хийхээс дээ" гэх мэт постууд хөвөрч байна.
Тэгвэл нөхцөл байдал ямар байгааг шатахуун түгээх газруудад очиж сурвалжиллаа. Үнэ нэмэгдсэнтэй холбоотой ШТС-ууд үйлчлүүлэгч багатай байна. Ард иргэд арай хямд авсан шатахуунаараа шарыг нь астал мөлхүүлэх гэсэн нь энэ биз.
Бензин нэмэгдсэнийг мэдэлгүй ирсэн зарим жолооч нар бензин 300 төгрөгөөр нэмэгдсэнийг сонсоод "Өө тэгвэл болъё доо" хэмээн буцаж байгаа тохиолдол цөөнгүй гарч байв.
Ингээд бид шатахууны үнэ нэмэгдсэнийг хүмүүс хэрхэн хүлээж авч байгааг шатахуун түгээгчээс асууж тодрууллаа.
Шатахуун түгээгч Д.Пүрэвдорж “92-310 төгрөг, 95-100 төгрөг, дизель түлш 100 төгрөгөөр нэмэгдлээ. Төр засгийн буруу шийдвэрээс болж нэмэгдэж байхад түгээгч нарыг нэмчихсэн юм шиг л загнаж, уурлах юм. Бид амьдрахын тулд ажил эрхэлж байгаа хүмүүс шүү дээ. Бид шийдвэр гаргадаг хүмүүс биш” гэв.
Түгээгч Ж.Гантулга “ Иргэд ихэнх нь мэдээгүй байгаа бололтой нэмэгдчихсэн юм уу гэж л асууж байна. Зарим нь ч тийм үү гээд шатахуунаа хийлгэж байна. Зарим нь уурлаж байна. Бензин хийлгэх гэж ирээд хийлгэлгүй явж байгаа иргэд ч байна” гэсэн юм
Мөн үнээ нэмж амжаагүй нэр бүхий шатахуун түгээх станц дээр очиход, шатахуун хийлгэх гэсэн жолооч нар дүүрэн байсан юм. Харин түгээгч нь, "Дөрвөн сар гаруй цалингүй ажиллалаа. Одоо цалинтайгаа золгох байлгүй дээ. Манай үнэ нэмэх тушаал хараахан ирээгүй байгаа учраас хаалт тавьсан ч иргэд олж ирсээр байна” гэлээ.
Харин иргэдийн байр суурийг тодруулахад,
“Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь хөлөө олохгүй шүү дээ. Одоо яаж амьдрахаа ч мэдэхгүй байна. Энэ төр засаг ер нь юу бодож байгаа юм болдоо. Юмны үнэ ч дагаад нэмэгдэнэ. Талхны мөнгөө олох гэж их л зүдрэх нь дээ” гэх мэт гашуун үгсийг хэлж байсан юм. Мөн “Ах нь халаасан дахь мөнгөөрөө бензин авах уу, хоол авах уу гэж бодож сууна хэмээн тоглох, ёгтлох хоёрын голоор ярьж суугаа иргэнтэй ч тааралдсан юм.
Бензиний үнэ нэмэгдэх сургаар л бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг
Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн эсэх талаар хүнсний дэлгүүрээр орж асуухад “Барааны үнэ бензин өссөн сургаар д дагаад нэмэгдчихдэг шүү дээ. Өнөөдрийн байдлаар печений захиалга өгөхөд өмнөхөөсөө ширхэг тутамдаа 80 төгрөгөөр нэмэгдсэн байна. Дараа дараагийн бараанууд яаж нэмэгдэхийг мэдэхгүй байна. Үнэ нэмэгдсэний маргааш худалдан авалт буурдаг. Бухимдалтай байдаг шүү. Өдрийн хоолоо аргацааж байгаа хүмүүст улам л хүнд тусаж байна. Цагаан будааны үнэ л огцом нэмэгддэг дээ. Кг тутамдаа 800 төгрөгөөр нэмэгдэж байх жишээтэй" гэв.
Цар тахлын сөрөг нөлөө, төр засгийн буруутай шийдвэрээс үүдэж туйлдсан, ядарсан ард түмний нуруу улам л хотойсоор байна. Цалин нь хумсын чинээ нэмэгдэхгүй хэрнээ амьдрах зардал нь уулын дайтай өссөн өнөөдрийн нийгэмд хэзээ амь тавихыг бид хэлж мэдэхгүй. Ард түмний санхүүгийн боломж бололцоог автамашинаар зүйрлэвэл бензин нь дуусч шар нь анивчин сандаргаж байгаа машинтай зүйрлэж болохоор байлаа.