“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд манай жүдоч олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар дөнгөж сая хүрэл медалийн төлөө Канадын жүдоч Артур Маргэлидонтой барилдаж хүрэл медалийн болзол хангалаа. Ц.Цогтбаатар олимпын хүрэл медаль хүртсэн энэ мөчид Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар сэтгэгдлээ хуваалцлаа.
“Монголын баг тамирчдын хувьд 73 кг жин бол удамтай жин. Тэр дундаа Ц.Цогтбаатар бол 73 кг жинд дэлхийн шилдгүүдийн нурааж, хүрэл медаль хүртлээ. Тамирчин хүнд ялж ялагдах мөч их байдаг. Ялагдаж байхад нь муулж, миалж байсан. Гэхдээ хүрэл медаль авч чадлаа. Ц.Цогтбаатар бол барилдах гэж төрсөн хүүхэд. 66 кг жинд барилдах гэж байхад нь 73 кг жинд орох саналыг тавьж байсан. 73 кг жингийн тамирчид маш өндөр байдаг. Тийм учраас сууж үүрэх, мэхэд нь орох магадлалтай. 66 кг жингийн тамирчид маш намхан байдаг учраас тэр доогуур орж үүрэхэд их хэцүү. Тийм учраас магадлалын онолоор 73 кг жинд орохыг анх Шийрэв багштай яриад зөвлөж байлаа. Өөрийнх нь ч сонголт зөв байлаа. Энэ бол маш том бахархам амжилт. Монголын жүдо бөхийн бас нэгэн түүх юм. Өнөөдөр Ц.Цогтбаатар үнэхээр илүүрхэж хүрэл медаль авлаа. Оно аваргатай харамсалтай барилдаан хийсэн ч гэсэн үнэхээр авах ёстой хүн бол авдаг. Олимпын медальд өнгө байдаггүй. Тийм ч учраас энэ медалийг авсанд дүүгээрээ бахархаж байна.
Оно аваргатай барилдахад ялах магадлал байлаа. Миний бодлоор багш нарын ч юм уу өөрийнх нь тактик байсан болов уу гэж бодож байна. Алдаан дээр нь ажиллахыг эрмэлзэх шиг болсон. Өөрөө хүрэл медалийн төлөө хүчтэй барилдая гэсэн тактик байсан болов уу гэж би бодлоо. Түүнээс биш үүрэх бүрэн боломж байсан. Лав аваад, унаж шидээд дараагийнх нь залгаа мэх байсан.
Анхны олимпын медаль авч байсан цагаас хойш медалийн Монголын баг тамирчдын буюу жүдочдын медалийн буухиа тасраагүй. Энэ олимпоос хоёр медаль авч байна. Хамгийн гол нь ийм сайхан хойч үеийг бий болгоход хүчин зүтгэсэн Монголын жүдогийн үе үеийн дасгалжуулагч нарт баяр хүргэе” гэлээ.