Олимпын наадмын эхний өдрийн уралдаан тэмцээнүүд маш амжилттай бол өндөрлөлөө. Өнөөдөр манай баг тамирчид жүдо, ширээний теннисний эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл, бокс, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй зэрэг төрлүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорьлоо.
Ингээд өнөөдөр болж өнгөрсөн Монголын баг тамирчдын талаарх тойм анализыг та бүхэндээ хүргэж байна.
510-т эрэмбэлэгдсэн Б.Болор-Эрдэнэ Монгол тамирчдынхаа салхийг ялалтаар эхлүүлэв
Ширээний теннисний эмэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Болор-Эрдэнэ өнөөдөр харьцангуй амжилттай өрсөлдлөө. Тэрбээр энэ олимпын Монголын багийн тэмцээн уралдааныг эхлүүлж, өөрөөсөө 200 гаруй чансаагаар өндөр Тунисын тамирчныг 3:1 харьцаагаар хожиж, эхний ялалтаа авсан. Энэ нь нийт монголчууд төдийгийг олимпын наадамд оролцож буй баг тамирчдын сэтгэл зүйд тун эерэгээр нөлөөлсөн гэж хэлж болно. Харин харамсалтай нь тэрбээр дараагийн тойргийн тоглолтоо Чилийн тамирчинтай хийж 4:0-ийн харьцаатайгаа хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв. Гэхдээ түүний хувьд өдгөө дөнгөж 18 настай бөгөөд цаашдаа уг спортоор амжилт гаргах бүрэн дүүрэн боломжтой гэдгээ батлан харууллаа. Мөн өөрөөсөө хэт чансаа өндөр тамирчинг хожсон тул олимпын дараагаар түүний чансаа нэлээд өсөх болно. Одоо тэрбээр 510-т эрэмбэлэгдэж байна.
Харин ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож буй Э.Лхагвасүрэн эхний тоглолтоо АНУ-ын тамирчинтай хийж ялагдал хүлээлээ. Ингэснээр тэрбээр энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
16 жилийн хөдөлмөрөө олимпын хүрэл медалиар ШАГНАСАН М.Уранцэцэг гавьяат
Үзэгчдийн хамгийн их шимтэн хүлээдэг, бас сүүлийн жилүүдэд ихээхэн найдлага тавьдаг жүдогийн тэмцээн уралдаан өнөөдөр мөн эхэлсэн. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга М.Уранцэцэг нар барилдав.
Гавьяат Д.Амартүвшин жүдочдынхоо салхийг хагалж татами дээр гарсан ч ердөө эхний тойргийн барилдаанаа Недерландын жүдоч Tornike TSJAKADOEA-тай хийж ялагдсан. Аливаа тэмцээн уралдаанд биечилж оролцох нь хажуугаас нь харах, зурагтаар үзэх зэргээс өөр гэдгийг монголчууд бүгд ойлгож байгаа. Тиймдээ ч гавьяатыг ялагдсанд "болоогүй юмыг яалтай билээ" гэх хандлагаар хандаж байна. Д.Амартүвшингийн хувьд туршлагатай бол туршлагатай. Эх орныхоо нэрийг хэдийн тив дэлхийд цуурайтуулсан шилдэг жүдоч. Сая олимпын өмнө эрхийн төлөөх албан ёсны дотоодын сорилгыг Л.Өнөболдтой хийж шударгаар барилдах эрхээ олж авсан. Тиймээс тамирчин хүнд ялах, ялагдах ээлжилж байдаг тул монголчуууд маань гавьяатыгаа эхний тойрогт ялагдлаа гэж зэмлэхгүй байхыг зүйтэй биз ээ. Тэр хүлээсэн үүргээ биелүүлж эх орныхоо алтан соёмбот далбааг дэлхийн дэвжээнд хэдийнээ өргөсөн нэгэн.
Тэгвэл өнөөдөр биднийг уйлж, бас огшоолж чадсан М.Уранцэцэг аваргадаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Гурван олимпт оролцож байж саяхан тэрбээр хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Хэсгийн шатны барилдаанд өөлөх зүйлгүй гарч ирсэн тэр жингийнхээ аваргад хагас шигшээд бага зэрэг аз дутаж ялагдсан. Магадгүй хэт их хичээж, өндөр даваанд ирснээ ухамсарлаж биеэ барьж барилдсан нь бага зэрэг алдаа болсон байх. Гэхдээ тэрбээр олимпын эхний өдөр төрийнхөө алтан соёмбот тугийг Токиогийн тэнгэрт намируулж чадлаа. Олимп, дэлхийн таван медальтай жүдоч түүнээс өөр байхгүй. 16 жилийн нөр их хөдөлмөр, сахилга батынх нь шагнал өнөөдөр ийнхүү түүнд ирлээ.
Буудлагийн тамирчин Э.Даваахүү дараагийн шатанд шалгарахад ГАНЦХАН ОНОО ДУТЛАА
Буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн буудлага өнөөдөр болов. Энэ тэмцээнд манай улсын төлөөлж Э.Даваахүү оролцов. Харамсалтай нь тэрбээр урьдчилсан шатандаа ердөө ганцхан онооны дутуугаар дараагийн шатанд шалгарч чадсангүй. Э.Даваахүүгийн өрсөлдсөн энэ төрөлд нийт 36 тамирчин цэц сорьсноос манай тамирчин 577 оноо авч, 12-р байрт шалгарав. Тэрбээр эхний 30 сумандаа 94, 95, 95 оноо авч тааруухан буудсан ч сүүлийн 30 сумандаа 97, 98, 98 оноо авсан юм. Анхны олимпдоо оролцсон түүний хувьд финалдахад бага зэрэг аз дутсан гэхэд буруудахгүй. Дэлхийн аваргууд цугласан энэ том тэмцээнээс ихээхэн туршлага хуримтлуулсан гэж найдаж байна.
Токиогийн олимпт оролцож буй Монголын ХОЁР "тамирчин" жүдочдоо дэмжив
Олимпын наадамд тамирчдаас гадна оролцож яваа хоёр чухал эрхэм бий. Нэгнь төрийн тэргүүн асан Х.Баттулга. Нөгөө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Ерөнхий сайдын хувьд ажлын айлчлал хийнгээ хүн төрөлхтний баяр цэнгэл олимпын наадамд албан ёсоор уригдаж оролцож буй. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд цэвэр хоббигоороо гэж хэлж болно. Тамирчнаа ярьвал дэлхийн аварга, гавьяат гэх цолтой ясны тамирчин тэрбээр төдийгөөс өдий хүртэл зүтгэж хөл дээр нь босгож чадсан жүдочдынхоо тэмцээн уралдааныг үзэхээр Токиод саатаад буй нь энэ. Түүний босгож ирсэн жүдогийн холбоо олимп, тив дэлхийн аваргатай, өнөөдөр гэхэд л медальтай сууж байна. Энэ бол яалтчгүй түүний менежмент, сэтгэл зүтгэлийн гавьяа.
Тиймээс түүний улс төрийн үйл ажиллагааг Монголын жүдо, спортын агуулгаас нь холуур авч үзэх нь зөв болов уу. Урнаа аваргыг хүрэл медалийн төлөө барилдахын өмнө түүнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, булчинг нь амраахаар массаж хийж буй фото өнөөдрийн онцлох фото агшингуудын нэг байлаа.
Мөн түүнийг жүдо үзэж суугаа хэдий ч өөр ямар нэгэн зүйл бодож буй мэт бодлогоширсон зураг цахим ертөнцөд цацагдаад амжив. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн адил жүдогийн тэмцээнд оролцож буй баг тамирчдаа дэмжиж байгаа зураг нь цахим ертөнцөд содон байлаа.
Олимпын түүхэнд багийн спортоор эх орноо төлөөлөн оролцож буй эмэгтэй сагсчид
Монголчуудын өнөөдөр үзэхийг хамгийн их шимтэн хүлээж байсан төрөл бол 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөл. Монгол Улсаас анх удаа багийн спортоор олимпын наадамд оролцож буй тэднийг хүн бүр хайрлаж, хүндэтгэж байна. Манай охидууд ч бидний итгэлийг алдсангүй гэхэд болно. Тойргийн проматаар явах тул манай баг өнөөдөр дэлхийн 5 удаагийн аварга, хүчирхэг Италийн шигшээтэй эхний тоглолтоо хийв. Гэсэн хэдий ч манай баг маш амжилттай тоглож ердөө ганцхан онооны зөрүүтэй хожигдсон. Манай багийн хамгаалалт, довтолгоо жигд сайн байсан гэдгийг энд онцлох нь зүйтэй. Хэрэв сүүлийн довтолгоо дээрээ бага зэрэг хүлээцтэй, бас азтай байсан бол манай охидууд Италийг хожих ч боломжтой байв. Эхний тоглолтод манай тамирчин Солонго багаараа авсан 14 онооны 7 оноог нь ганцаараа авав.
Хоёр дахь тоглолтыг хувьд сагсан бөмбөгийн спорт тултлаа хөгжсөн, энэ гарагийн хамгийн шилдэг улс гэж хэлчихэд буруудахааргүй АНУ-ын багтай тоглосон. Хэдийгээр тооны харьцаа 21:9-ийн харьцаатай өндөрлөсөн ч манай бага хүчирхэг амеркичуудын эсрэг тун боломжийг тоглолт гаргалаа. Чимэддолгор эхний тоглолтын үеэр баруун гарын хурууны ясаа цуулсан хэдий ч шазуур зууж тоглов. Тоглох тоглохдоо гурван ч удаагийн довтолгоогоо амжилттай болголоо. Өнөөдрийн хоёр тоглолтод хэдий хожигдсон хэдий ч агуулгаараа манай эмэгтэй сагсчид маш сайн байлаа. Маргааш тэд эзэн орон болон олимпын далбаан дор оролцож буй ОХУ-ын багтай тоглоно.
Э.Цэндбаатар гавьяат эхний ялалтаа байгуулж, монголчууддаа хандаж "Цар тахлыг хамтдаа давж гарна шүү" гэв
Боксынхон дундаас яалтчгүй том найдлага өвөртөлж явсан хүн бол гавьяат тамирчин Э.Цэндбаатар. Тэрбээр өнөөдөр эхний тоглолтоо хийж шүүгчдийн саналаар Кенийн тамирчинг яллаа. Гавьяат эхний тоглолтоо бага зэрэг зуураатай, бүрэн тоглолтодоо орж чадахгүй байгаа нь тоглолтын үеэр ашиглагдаж байсан. Өөрөө ч үүнийгээ тоглолтын дараа хүлээн зөвшөөрч, бага зэрэг зуураатай байсан. Дараагийн тоглолтоос бүрэн хяналтандаа авна гэж мэдэгдсэн байна лээ. Угийн цовоо цолгиун, эрч хүчтэй гавьяат энэ удаагийн тэмцээнд хуучин болох 57 кг-ийн жинд өрсөлдөж байгаа. Сүүлийн хэдэн жил энэ жиндээ тоглоогүй тул жин хасч байгаа нь тоглолтод нөлөөлөх хандлагатай байгаа бололтой. Гэхдээ тэрбээр тоглолтын хэв маягаа нэр олоод авчихсан байхад цаашаа асуудалгүй биз. Э.Цэндбаатар гавьяат дараагийн тоглолтоо Вьетнамын боксчинтой хийнэ.
Г.Лхагвадорж