Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганзул: Олимпт оролцоход бэртэл гэмтэлгүй, бие сэтгэл зүрхээрээ бэлэн байсан

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
2 минут 40 секунд

Монгол Улсаа төлөөлөн олимпод анх удаагаа орж буй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг маргааш тоглоно. Японыг зорьсон шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Д.Ганзул, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Б.Болор-Эрдэнэ нар багтсан ч олимпын наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт хийж, Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг олимпын наадмаас хассан. Тодруулбал, Б.Солонго, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам нар олимпод оролцохоор болсон юм. Энэ тухай гавьяат дасгалжуулагч С.Тулга "Энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хэцүү байлаа. Хоёр жилийн бэлтгэл, ур чадвар, амжилтыг нь харгалзаж байгаад тамирчдаа сонгосон. Дасгалжуулагч хүн хамгийн сайн тамирчнаа хэзээ ч хасахгүй. Бэртэл, гэмтлийг яалтай билээ. Ганзул, Болор-Эрдэнийн гэр бүлээс, найз нөхдөөс нь уучлалт гуйя. Бэртлийн улмаас оролцуулах боломж үнэндээ гарсангүй. Хэнийг нь ч хасаагүй" гэсэн тайлбар өгсөн юм.

Тэгвэл Д.Ганзул цахим хуудаснаа "Анх удаагаа олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа багийнхандаа томоос том амжилтыг хүсье. Тамирчин хүн болгон бэртэл гэмтлээс хол байхыг хичээдэг. Миний хувьд олимпын бэлтгэлийн явцад хэд хэдэн бэртэл авч, цаг тухай бүрт нь эмчлүүлж ирсэн. Эмчилгээтэй үедээ, бэлтгэлдээ оролцох боломжгүй үедээ очиж багийнхантайгаа байнга хамт байдаг байсан.

Багийнхныхаа нэгэн адил би энэ олимпын наадамд амжилттай оролцохоор бүх зүйлээ зориулан, бие сэтгэлээ 100 хувь дайчлан, зарим зүйлсээ золиослон бэлтгэлээ хийж ирсэн. Бэртэл гэмтэлтэй, үнэхээр ур чадвар байхгүй байсан бол эртхэн дүү нартаа зайгаа тавиад өгөх байсан юм. Олон жил энэ спортоор хичээллэж ирснийх олимпын наадамд оролцохыг чин сэтгэлээсээ хүсч, өнөөдрийг хүртэл хичээж ирсэн. Миний бие олимпын талбайд тоглоход бэртэл гэмтэлгүй, бие сэтгэл зүрхээрээ бэлэн байсан.

Эмэгтэй сагсан бөмбөгийн мэргэжлийн анхны клубыг үүсгэн байгуулж, бүх цаг үед итгэлтэйгээр дэмжиж, өнөөдрийн олимпын наадамд Монгол Улс оролцох боломжыг нээж өгсөн бүх ивээн тэтгэгчиддээ талархалаа илэрхийлье.

Мөн багийнхандаа өндрөөс өндөр амжилт хүсье. Дүү нар минь зориг зүрхтэй, дайчин тоглоорой" хэмээжээ.

ТОКИО-2020: Өнөөдөр Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нар Монголын тугийг Токиогийн тэнгэрт мандуулна
ТОКИО-2020: Өнөөдөр Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нар Монголын тугийг Токиогийн тэнгэрт мандуулна
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.