ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагын жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой онооны хувьд ижил боловч таван байраар ухарсан үзүүлэлт аж.
Авлигатай тэмцэх ажлын хэсгийг байгуулаад буй. Тэгвэл авилгын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр буюу долдугаар сарын 19-нд боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хийсэн ч илүү сайжруулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах авлигын хөрс сууринаас нь таслан зогсоох зорилгоор Авлигын индексийг буруулах ажлын хэсэг байгуулж байна” гэлээ. Мөн “Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг. Тиймээс Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” гэлээ.
Түүнчлэн манай улсад авлигын хэргийг шийддэг дагнасан шүүх тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа гэж үзжээ. Ийм чиглэлийн хэргийг дагнаж шийдэж байгаагүй шүүгч, өмгөөлөгч, прокурор, хуулийн байгууллагын ажилтнууд ажиллахаар хэрэг замхрах урьдач нөхцөл болж байна гэж албаныхан үзэж байна. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин дутмаг байгааг Ерөнхий сайд онцолж, УИХ-ын Ёс зүйн хороотой хамтарч ажиллаж, ах, дүү, хамаатан, садны томилгоотой тэмцэхээ мэдэгдсэн юм. Төр тунгалаг байж чадвал хувийн хэвшлийнхэнтэй холбоотой авлигын асуудал үүсэхгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.