Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг 09.00-12.00 цагийн хооронд ажиллаж, шинжилгээ авч байгаа бөгөөд вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоноогүй болон бусад шалтгаантай иргэд pcr шинжилгээний сөрөг хариуг үндэслэн хөдөө орон нутагт зорчих боломжтой. Энэхүү мэдээллийн дагуу pcr шинжилгээний цэгийн нөхцөл байдалтай танилцахаар манай сайтын сурвалжлах баг Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийг зорилоо.
12.00 цаг хүртэл ажиллах шинжилгээний цэгт 11.00 цагийн үед очиход үүдэнд нь иргэдийн бөөгнөрөл үүсэж, шинжилгээний сорьц дууссан гэх шалтгаанаар хаалгаа хаажээ.
Чингэлтэй дүүрэгт түр оршин суугч иргэн Г.Отгонжаргал, "Намайг 10.00 цагийн үед энэ сургуулийн арын талбай дүүрэн оочертой байсан. Цаг гаруй хүлээсний эцэст сорьц дууссан гэж байна. Надтай адил 10.00 цагаас ирсэн 20 орчим хүн орж чадахгүй үлдчихсэн байна. Энэ талаар нь асуухад 11.00 цаг дөнгөж өнгөрч байхад ердөө таван сорьц үлдсэн гэж байна. Байнгын шинжилгээ авах цэг гэхэд ердөө таван сорьц үлдээд бусад нь дуудна гэж байхгүй шүү дээ. 12.00 цагаас хойш энд 40,000 төгрөгөөр төлбөртэй шинжилгээ авдаг гэсэн. Эсвэл түүндээ хадгалаад үлдээгээд байгаа үгүйг нь мэдэхгүй байна" гэв.
Чингэлтэй дүүргийн иргэн Н.Жаргалсайхан, "Цаг гаруй оочерлосны дараа сорьц нь дууссан гэж байна. Ирсэн дарааллаараа зогсож байгаад орно л доо. Хэл ам хийж байж л орохоор болж байх шиг байна" гэлээ.
Шинжилгээний цэгт ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдаас нөхцөл байдлын талаар мэдээллийг тодруулах гэхэд "Дөрвөн эмч ажиллаж байна, биднийг ахлаж байгаа эмч яг одоо хүмүүсийн сорьцыг авч байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэх хариултыг өглөө.
Шинжилгээ өгөхөөр дугаарлан зогсож буй 20 орчим иргэн зохицуулагчтай маргалдан бөөгнөрөл үүсгэн эмх замбараагүй байдал үүссэн хэдий ч сорьж ирж байгаа гэх мэдээллийн дагуу нэг эгнээнд дугаарлан зогслоо.
Шинжилгээний цэг дээрх иргэдийн дарааллыг зохицуулж буй нэр, албан тушаалаа нууцласан албан хаагч, Өдөртөө 130 сорьц ирдэг. Сорьц дууссан учраас Эрүүл мэндийн яамруу яриад нэмээд захиалж байх шиг байна. Иймээс 14.00-17.00 цагийн хооронд шинжилгээ авахаар боллоо. Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, яаралтай хагалгаанд орох иргэд оочерлохгүй орж байгаа. Хүмүүс 40,000 төгрөгөөр шинжилгээ авдаг гэж яриад байна. Энэ худлаа мэдээлэл" гэв.