Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан боллоо. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, үг хэлэв. Тэрбээр "Тулгаp төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Төв Азийн цээжинд байгуулагдсан Монгол хэмээх улсыг ертөнцийн чихнээ дуурсгаж, тэмцэл ялалтын гайхамшигт их түүхийг бүтээж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөн тэмцсэн эрэлхэг зоригт эх орончид, өвөг дээдэс, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө бүхий л амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулсан ахмад үеийнхээ алдар гавьяаг дурсаж, түүхт ойн баярын энэ өдөр гүн хүндэтгэл илэрхийлэн мэхийн ёсолъё.
Хөх Монголын буурал түүхийн олон үйл явдлын тэгш ой тохиосон энэ үед монголчууд бид өнгөрсөн түүхээ дүгнэж, ирээдүйн зорилтоо зөв тодорхойлж, гурван цагийн алтан хэлхээний учир холбогдлыг эдүгээ ба хойч үеийнхэндээ сануулан таниулах учиртай. Хүний нийгмийн хөгжил гурван хэмжээст орон зайд гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд оршдог бөгөөд өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ.
Түүх давтагддаг нь эргэх хорвоогийн жам ёс бөгөөд түүнээс ялалт амжилт, ололт нээлт, бас алдаа завхрал, гэм нүгэл, азгүйтэл бүтэлгүйтэл аль алийг нь олж мэддэг учиртай. Ардын хувьсгалын түүхэн ач холбогдол нь, улс эх орноо харийн дарлалаас чөлөөлж, жинхэнэ ардын эрхт ёсыг тогтоон, тусгаар тогтнолоо тунхагласан явдал байсан юм. 1924 оны 5 дугаар сард Богд гэгээн гэнэт жанч халж, хэмжээт цаазат хаант засаглалыг өөрчлөх шаардлага гарсан учир мөн оны эцсээр Улсын анхдугаар их хурлыг хуралдуулж, анхдугаар Үндсэн хуулийг баталсан билээ.
Тэрхүү анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаас сонгогдсон Засгийн газар гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээн ард олноо зарлан тунхагласан билээ.
Мөн тус улсын харьяат ард иргэдийг үндэс, угсаа, шашин, эрэгтэй эмэгтэй хэмээн үл ялгаварлан адил тэгш эрх эдлүүлж, эвлэлдэх, эрдэм боловсролд үнэ төлбөргүй суралцах, бусдын хөдөлмөрийг мөлждөггүй, 18 насанд хүрсэн бүх иргэнд сонгох, сонгогдох эрх олгох зэрэг урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн эрх, ариун журам, ардчилсан ёс, хэм хэмжээг хуульчлан баталгаажуулсан нь үнэхээр том дэвшил болсон юм.
Монголын ард түмний Үндэсний их баяр наадам гэдэг бол Монгол Улс, монгол үндэстэн, монгол хүний хувьд төрт ёс, тусгаар тогтнол, түүх соёл, эв нэгдэл, мандан бадрахын бэлгэдэл, монгол үндэстний оюун санааны дархлаа, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламжлал бөгөөд үеийн үед мөнхлөн тэмдэглэж байх ёстой үнэт зүйл юм. Гэвч энэ удаа дэлхий нийтэд түгээд байгаа “Ковид-19” цар тахлын хор хохирлыг тооцон манай улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөгөө, шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг энх тунх сайн цаг ирэхэд тэмдэглэхээр хойшлуулаад байна.
Энэ шийдвэр нь манай улсад тохиолдож болзошгүй аюулт эрсдэлээс үр хүүхэд, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалсан, аж амьдрал, сэтгэл санааны хувьд нөхөж баршгүй хохирол амсаад байгаа иргэддээ хүн ёсны хувьд ч, ёс суртахууны хувьд ч хүндэтгэлтэй хандсан хүнлэг шийдвэр гэдгийг манай ард түмэн уужим саруул ухаандаа тунгаан ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Улсын Их Хурал, Засгийн газар ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг тэргүүн зэрэгт тавьж, улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд хөл дээр нь босгон, цар тахлыг хохирол багатай даван туулахад онцгой анхаарч ажиллахыг Төрийн тэргүүний хувьд хатуу анхааруулж байна." гэлээ.