Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Наадмын үеэр “талх шиг“ зарагддаг автомашинууд таг гацалтад оржээ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 45 секунд

Үндэсний их баяр наадмын өмнөхөн авто худалдааны захууд хүний хөлд дарагддаг. Учир нь хөдөө гадаа явах, хамаатан садан дээрээ очих, нутаг усаа зорих иргэд "будаг нь ханхалсан" шинэ машин хөлөглөн явахаар авто худалдааны захуудыг хөлийнхөө улыг эргэтэл тойрч, үнэ ханш судалдаг. Гэтэл энэ жил нөхцөл байдал арай өөр байна. Ачаа тээврийн зардал хоёр дахин өссөн, халдварын нөхцөл байдлын улмаас байн байн хөл хорионд орсны улмаас эдийн засаг муудсан, энэ жил баяр наадам болохгүй, ихэнх аймгууд хөл хорио тогтоосон зэрэг олон нөхцөл байдлаас шалтгаалж, "талх шиг" зарагддаг автомашинууд гацалтад ороод байгааг ченжүүд хэлж байлаа. Тиймээс бид энэ удаад "Да хүрээ" авто худалдааны төвийг зорилоо.

Нийслэлд агаарын температур 32 градус хүрч, тус зах дээр яваа хүмүүсийн ихэнх нь нозоорсон, унтаа байдалтай, зах эл хуль байдал угтлаа.

Машины борлуулалт хэр байгааг тус захад автомашины худалдаа эрхлэгч иргэнээс тодруулахад /тэрбээр нэрээ нууцлахыг хүсэв/ Энэ жил наадам болохгүй учраас машины худалдан авалт маш муу байна. Уг нь сезоны үе байсан юм. Гэхдээ машины үнэ өссөн. Энэ нь ачаа тээврийн зардал хоёр дахин нэмэгдэж, бензиний үнэ өссөнтэй ч холбоотой" гэлээ. Ямар машины гүйлгээ борлуулалт муу байгааг тодруулахад, "Дунд гарын авто машины гүйлгээ муу байна. Харин бензин бага иддэг машин мэр сэр гүйлгээтэй байна. Ноднин жилийн энэ үеэр 15 саяаар худалдаалагдаж байсан приүс 30 маркийн автомашин л гэхэд 18-20 сая төгрөгийн үнэтэй борлогдож байнагэлээ.

Үргэлжлүүлэн "Да хүрээ" захын ченж Э.Цэрэндоржоос машины үнэ яагаад нэмэгдсэн талаар тодруулахад “Зах дээр машин ховордож байна. Эндээс чингэлэг явуулж чадахгүй, гаднаас машин ирэхгүй байна. Машины үнийг бид дурандаа нэмээгүй. Ер нь иргэдийн худалдан авах чадвар муу байна. Наадмын өмнөх сезон таараад нэмчихлээ, наадмын дараа буух байх гэж иргэд яриад байна. Наадмын дараа ч буухгүй. Тээврийн зардал нэг нугараад нэмэгдчихсэн шүү дээ. Учир нь одоо орж ирэх машинуудын тээврийн зардал дахиад нэмэгдэнэ. Тиймээс машины үнэ буухгүй. Хэдэн жилийн өмнө дунд гарын жипнүүд баяр наадмын өмнө "талх шиг" л зарагддаг байсан. Гэтэл энэ жил нам гацалтад орчихлоо. Жижиг, хямд үнэтэй машинууд, акуа л мэр сэр зарагдаж байна. Эдийн засаг хямарсан энэ цагт том гарын жип худалдаж авах хүн бүр ч байхгүй биздээ. Тиймээс татаж авахгүй байгаа" гэлээ.

Да хүрээ захад худалдаалагдаж байгаа машины үнээс дурьдвал,

  • "Harrier" автомашин ноднин жил 30 сая төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 35-40 сая төгрөгөөр худалдаалагдаж байна.
  • Монголчуудын хэрэглээнд хамгийн өргөн ашиглагддаг "приүс-41" авто машины хувьд 24-27 сая. Ноднин жилийн үнэ 18 сая төгрөгөөр худалдаалагдаж байсан.
  • "Приүс-41" одоо байгаа үнэ 22 сая өмнө нь 16 сая төгрөгөөр худалдаалагдаж байжээ.

"Да хүрээ" захын ченж Э.Очирхүү Баяр наадмын үеэр энд дүүрэн хүн байдаг. Хөдөө гадаа явах гэж байгаа хүмүүс чинь нэг нэг машин дээр л зогсож байдаг байсан. Гэтэл одоо эл хуль байна даа. Гэхдээ яах вэ, сезоны үе болохоор ганц нэг жижиг машинууд зарагдаж л байна. Яг үнэндээ худалдаалах машин нь ч алга, худалдан авах худалдан авагчид нь ч байхгүй байнагэв.

Бид цааш явсаар "Да хүрээ" захын баруун жигүүрт байрлах эмэгтэй худалдаа эрхлэгчтэй уулзаж ярилцсан юм. Тэрбээр “Бензиний үнэ өссөн болохоор бензин бага иддэг машинууд л бага багаар борлогдож байна. Яг үнэндээ иргэд машин авъя гэсэн ч мөнгөгүй болчихсон, банк бусаар авахаар урьдчилгаа нь 10, 20 хувьтай болохоор банк бусынхаа шаардлагыг хангахгүй байна. Дийлэнх хүмүүс хорионд ороод мөнгөгүй орлогогүй болсон учраас авч дийлэхгүй байна. Машины үнэ нэмэгдээд, худалдан авалт буурч байгаагийн гол шалтгаан нь дуудлага худалдаанд машинууд орохгүй байгаа учраас орж ирэхгүй байна. Түрүү жилийн наадмаар "талх шиг" л борлогдож байсан шүү дээ. Дээрээс нь Хятадын тал тээврийн ачаа зардлын үнэ хоёр дахин нэмсэн учраас л ийм юм болж байна. Монголд байгаа тээвэр зуучийн компаниуд биднээс алдагдлаа нөхөж байна. Бодит байдал дээр иргэд ченжүүд л нэмж байна гэж харж байгаа нь өрөөсгөл юмгэж хэллээ.

Дөрвөн сард 40 саяар авсан вольво 60-70 саяар худалдаалагдаж байна

Худалдан авалт муу байгааг илтгэх гэсэн мэт "Да хүрээ" захад машин сонирхож яваа иргэд тун чиг цөөхөн байлаа. Ганц нэг иргэдтэй уулзаж машины үнэ ханш ямар байгаа талаар тодруулахад, иргэн О.Баттулга Би дөрвөн сард том машин авсан. Тэр үед вольво машиныг 40 гаран саяар худалдаж авсан. Одоо бараг тэр машины үнэ 20, 30 саяар нэмэгдсэн байна. Бас бараг орж ирэхгүй байх шиг байна. Одоо "Harrier" ч юмуу өөрийнхөө мөнгөнд тааруулаад л машин хайж байна. Ер нь бол ченж нар өөр өөр үнэ хэлж байна. Би бараг хоёр өдөр машины үнэ судлаад явж байна" гэв.

Бороо хур элбэгтэй зуны дэлгэр цагт хөл хөдөлгөөнд дарагддаг энэ газрын хаа нэгтээ хэсэг ченж нар сүүдэр бараадаж, эгнүүлэн тавьсан төмөр хүлгүүд хурц нарны гэрэлд гялалзах нь л сэтгэлд тод буулаа. Гялалзаж харагдах нь ч зөв биз ээ. Учир нь гүйлгээнд гарахгүй байгаа төмөр хүлгүүдийнхээ шил толийг элгэн алчуураа элгэдтэл зүлгэж зогсоо ченж, санаж сарвайж авч гарж ирсэн хэд нь хаанаа ч хүрэхгүй дэмий л үнэ асууж дансан дахь мөнгөө харцаараа тэмтэрч зогсоо худалдан авагчид л биднийг үдсэн юм.

Өндөр хүчдэлийн шугамын хязгаарлалтай бүсэд нэвтэрч, асуудал үүсгэжээ
Өндөр хүчдэлийн шугамын хязгаарлалтай бүсэд нэвтэрч, асуудал үүсгэжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.