Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хийж байна. Танилцуулгыг АТГ-ын дарга З.Дашдаваа танилцууллаа. Үргэлжлүүлэн дэд даргад нэр дэвшээд буй Г.Азжаргал хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулав.
Тэрбээр "АТГ-ын даргаар томилогдвол НҮБ-ын авлигын эсрэг конвенц, Монгол Улсын Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, бусад олон улсын байгууллагаас өгч байгаа зөвлөмжийн дагуу дөрвөн чиглэлээр ажлаа зохион байгуулна.
Нэгдүгээрт, Авлигагүй орчин бүрдүүлэх буюу авлигын суурьтай тэмцэнэ. Тодруулбал, төрийн үйлчилгээ зөвшөөрлийг бүрэн цахимжуулна. Үүнийг иргэд, Засгийн газар, УИХ-тай хамтарч хийж хэрэгжүүлнэ. Жишээ нь, хүнээс хамааралгүй болгох, хиймэл оюун ухааныг ашиглах, ялангуяа зөвшөөрлөөс стандартай бүртгэх чиглэл рүү явах ёстой. Зөвшөөрөл үйлчилгээг мэргэжлийн холбоод, ТББ руу шилжүүлэх байдлаар ажиллана.
Хоёрдугаарт, Хүний нөөцийг чадавхжуулах. Ялангуяа санхүүгийн мөрдөн шалгах чиглэлд илүү анхаарна. Уламжлалт аргаар тэмцэхэд хэцүү болсон. Тиймээс хүний нөөцөө чадавхжуулахад анхаарах болно.
Гуравдугаарт, Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил.
Дөрөвдүгээрт, Хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх. Авлигын эсрэг мэдээлэл өгч байгаа иргэн, ААН-ийг хамгаалах эрхзүйн орчин бүрдүүлнэ. Мөн улстөрийн намын санхүүжилтийн ил тод байдлын талаарх эрхзүйн орчныг бүрдүүлж ажиллана" гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Таны хувьд Монголд авлига буурахгүй байгаа шалтгаан юу вэ. Та хүнээс шалтгаалаад авлига их байна гэж яриад байх шиг байна. Хүнгүй төр гэж байхгүй. Яаж ч цахимжуулсан, хиймэл оюун ухаан хийсэн ч цаана нь хүн байж л таараа. Тэгэхээр тэр хариултыг сонсмооргүй байна. Авлигаар 90-103 дугаар байранд орсон шалтгааныг та юу гэж харж байна. Та АТГ-ыг хэр сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Үнэлгээ өгөөч. Мөн сүүлийн жилүүдэд улстөрийн хэлмэгдүүлэлт газар авлаа. Хийж байгаа ажлаасаа болж хэлмэгдсэн М.Энхсайхан, С.Баярцогт, С.Баяр дарга байна. Тэгэхээр та АТГ-ын Гүйцэтгэх албаны даргын хувьд энэ хэлмэгдүүлэлт болж байхад та хаана байв. Та байр сууриа илэрхийлж байв уу. Эсвэл болох ёстой зүйл болдогоороо болж байна гэж харав уу. Хэлмэгдүүлэлтийг хийж байгаа хүмүүсийг, тэдний гар болсон хуулийн байгууллагынхныг яах вэ. Нэг удаа хэлмэгдүүлээд өнгөрчихлөө гэж бодоод байна. Гэтэл одоо ажиллаж байгаа шүүгч, прокурор хуулийнхан хараад сууж байгаа шүү дээ. Аа ингээд хэлмэгдүүлж болдог юм байна. Мартчихдаг юм байна. Дахиад л хүн хэлмэгдүүлж болдог юм байна. Хэдэн төгрөг аваад албан тушаалтай болчихно гэсэн үзэл бодолтой үлдэнэ. Ямар ч дарга цэрэг хууль бус тушаал, заавар шийдвэрийг биелүүлж болдоггүй юм байна, хилс хэргээр хүн яллаж болдоггүй гэдгийг ойлгуулахгүй бол энэ хэлмэгдүүлэлт хэзээ ч дуусахгүй. Энэ хэлмэгдүүлэлтийн асуудалд өмнө нь юу хийж байсан, юу хийх гэж байна, цаашид юу хийх вэ хариулаад өгнө үү. Өөрөөр хэлбэл, оцогноод байгаа олон шүүгч, тэднийг дагаж бэлэг сэлтийг нь барьж гүйдэг, тушаал зааврыг нь нааш цааш зөөдөг хүмүүс, тушаал зааврыг нь биелүүлдэг шүүгч, прокурор, АТГ, цагдаагийн албан хаагчдад ямар хариуцлага тооцох ёстой гэж бодож байна вэ"
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал "Авлига буурахгүй байгаа нь нэг зүйлээс шалтгаалаагүй. Хууль эрхзүйн орчин, хүний ёс суртахуун гэх мэт олон зүйлээс шалтгаална. Бид соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлаа төгс төгөлдөр хэмжээнд явуулж чадахгүй байна. Жишээ нь, Барууны орнуудад авлигыг "Үл тэвчих үзэл" гээд сургуульд байхаас нь авлигын хор хөнөөл бүхнийг суулгаж өгдөг. Би АТГ-ын сайн ажиллаж байгаа гэхгүй. Гэхдээ бас муу байгаа гэж хэлэхэд хэцүү. Жишээ нь, бид эцсийн өмчлөгчийг бүртгэдэг болгодог, Шилэн дансны хуультай болсон. Үр дүнгүүд бий. АТГ-ын үйл ажиллагааг сайжруулаад явах болно. Тодорхой хэргүүдийг та асууж байна. Би үүнд хувийн үнэлэлт дүгнэлт өгч болохгүй. Тавдугаарт, хууль шүүхийн зураг зурдаг шүүгч, цагдаа, прокурор, АТГ гэж байна. Үүнийг шалгаж байгаа асуудал бий.
Манай Үндсэн хуулийн 16.14 дээр "Гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно" гэж бий. Би ажиллаж байхдаа гарцаагүй баримтан дээр тулгуурлаж л хэргийг шийдвэрлэдэг. Хэн нэгнийг хэлмэгдүүлсэн зүйл надад байхгүй.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал. Хөрөнгө орлогын мэдүүлгийг бид шалгадаг. График, гомдол мэдээллээр мөн шалгана. Нэрээ нууцалсан иргэнээс мөн авч шалгана. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөр сүүлийн үед нэлээн олон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Монголчууд ийм аймхай. Аймхай болохоор томилгооны сонсгол хийхээр идэвхтэй оролцохгүй байна. АТГ гэхээр бүр айж байх шиг байна. Ардын нам гарчихаар авлига цэцэглээд байна. Би баримттай яръя. Би ГИХГ-ын даргыг 2012-2015 онд хийсэн. Намайг очихоос өмнө Д.Мөрөн гэж хүн тэр байгууллагын дарга байсан. Тэгэхдээ "ОХУ, Хятадын иргэнд хил дээр виз олгохыг хориглоно. Харин ганцхан газрын дарга би олгоно гэсэн журам гаргасан" байсан. Үүний улмаас хил дээр ирж байгаа жолооч нар заавал Улаанбаатар руу бичиг баримтаа явуулах зэрэг завхрал үүссэнийг би болиулсан. Замын-Үүдийн хээл хахууль хэрээс хэтэрлээ. АТГ үүнд ямар ажил хийх вэ. Мөн С зөвшөөрөл гэж байна. Бас бөөн авлигын уурхай"
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал "Би тантай санал нэг байна. С зөвшөөрөл, виз, Эрдэнэ Тавантолгой гээд та ярилаа. Ерөнхийдөө бидэнд шалгагдаж байгаа олон хэргүүд бий. Зарим нэг нь шүүхээр шийдэгдсэн хэрэг ч бий. Энэ хууль бус зүйлийг арилгахын тулд ил тод, ялангуяа хиймэл оюун ухаанаар шийдэх ёстой. Ямар нэгэн зөвшөөрлийг даргын гарын үсэг байлгаснаар энэ нь тасрахгүй. Олон хэргийг шалгахад цаад шалтгаан нь ердөө хүнээс хамаараад байгаа асуудлууд байдаг. Тиймээс хиймэл оюун ухааныг ашиглаад шийдчих боломжтой" гэлээ.