Цацраг нь дэлхий дээрхи амьдралын нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний оролцоогүйгээр цацраг идэвхит бодис, материал дангаараа хаа сайгүй байдаг. 1934 онд цацраг идэвхт цөмийг зохиомлоор гаргаж авснаас хойш эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөн ашиглаж байна.
Ионжуулагч цацраг нь цахилгаан соронзон долгион (гамма эсвэл рентген) болон бөөмс (нейтрон, бета эсвэл альфа) хэлбэрээр тархдаг атомуудаас ялгардаг энергийн төрөл юм. Альфа, бета цацраг нь шууд иончлол явуулдаг цэнэгтэй бөөмс, нейтрон нь дам иончлол явуулдаг цэнэггүй бөөм. Рентген болон гамма цацраг нь дам иончлол явуулдаг цэнэггүй, цахилгаан соронзон долгион юм.Цөмийн технологи, цацраг идэвхт материал, ионжуулагч цацрагийн үүсгүүр, тэдгээрийн хэрэглээний ач тус нь учруулж болзошгүй эрсдэлээс үлэмж их.
Монгол улсын хэмжээнд 2020 оны байдлаар цацрагтай харьцан ажилладаг 1578 байгууллага бүртгэгдсэний 1082 буюу 68.5 хувь нь эрүүл мэндийн байгууллага, 26.5 хувь нь аж үйлдвэр, судалгаа шинжилгээ, 6.8 хувь нь цооног өрөмдлөгийн судалгаа, 3.2 хувь нь цацраг идэвхт ашигт малтмал байна. Түүнчлэн Монгол улсын хэмжээнд 2020 оны байдлаар цацрагаас үүдэлтэй мэргэжлээс шалтгаалсан өвчинтэй 9 иргэн байгаагаас 8 нь рентген цацрагаас шалтгаалан хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн байна гэх судалгааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газраас гаргажээ.
Цацраг идэвх нь ийнхүү бидний эргэн тойронд байгаа ч цацрагийн идэвх хэмжээндээ байвал бие махбодид аюул багатай. Харин тун ихэдвэл эрүүл мэндэд нөхөж барашгүй аюул, хохирол учруулдаг.
Цацрагийн улмаас бие махбодид үүсэх сөрөг нөлөөлөл нь хүлээн авсан цацрагийн төрөл, тун хэмжээ, эрхтэн тогтолцооны мэдрэг байдлаас хамаардаг. Хүний лимфийн зангилаа, чөмөг, цусны элементүүд, бэлгийн булчирхай, салст бүрхэвч, уушги зэрэг нь ионжуулах цацрагийн үйлчлэлд туйлын эмзэг байдаг. Цацрагаас үүдэлтэй өвчлөлийг 2 төрөлд ангилж үздэг. Үүнд: Цацрагийн гэмтэл болон хорт хавдар гэж хуваадаг. Цацрагийн гэмтлийн гол шалтгаан нь санамсаргүй байдлаар хэт их өртөх бөгөөд энэ нь ихэвчлэн арьсны түлэгдэлтээр илэрдэг. Цацрагийн шалтгаант хорт хавдрын далд үе нь дунджаар 10-15 жил үргэлжилнэ. Гэвч хорт хавдар, генетикийн гэмтэл нь бусад зүйлийн улмаас үүссэн хавдар ба төрөлхийн гажгуудаас эмнэлзүйн хувьд ялгагдах өвөрмөц онцлог байдаггүй тул ихэвчлэн дээрх өвчнүүдийн дор далдлагдан өнгөрдөг.
Ионжуулагч цацрагт холбоотой үүсэх хавдарууд
- Цөсний суваг, яс, тархи, хөх, бүдүүн гэдэс, улаан хоолой, цөс, элэг, уушиг (бронхит-цулцангийн хорт хавдар орно), нойр булчирхай, залгиур, өндгөвчний, шүлсний булчирхай, нарийн гэдэс, ходоод, бамбай булчирхай, бөөр шээсний замын хорт хавдар.
- Лейкеми (Цусны цагаан эсийн хорт хавдар)
- Лимфома (Тунгалгын булчирхайн хорт хавдар)
- Олон миелома (плазмын эсийн хорт хавдар)
Иймд ажилтнуудыг цацраг идэвхт үүсгүүрээс хамгаалж, өндөр шарлагад өртөхгүйн тулд цацрагийн талаарх нэгдмэл ойлголт мэдээлэлтэй байх, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг чандлан баримтлах шаардлагатай. Цацрагтай ажиллагсадын цацрагийн тунгийн үндсэн хязгаарыг 1 жилд авч болох цацрагийн тунгийн дундаж хязгаар нь 20 мЗв, арьс болон захын эрхтнүүдэд хуримтлагдах тунгийн хязгаар нь 500 мЗв, нүдний болорт хуримтлагдах тунгийн хязгаар нь 20 мЗв-ээс хэтрэхгүй байлгах хэрэгтэй. Цацраг үүсгэвэр ашигладаг аж ахуй нэгж байгууллагууд цацрагаас хамгаалах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь ажилтнуудыг ионжуулагч цацрагаас хамгаалах шилдэг аргад тооцогддог. Цацрагаас хамгаалах үндсэн 3 зарчим:
- Хугацааг хамгийн бага байлгах
- Зайг хамгийн боломжтойгоор ихэсгэх
- Аль болох хамгаалалтын хаалт, хэрэгсэл хэрэглэх